Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Он гарснаар гурван сум хүнсний талон ашиглахаа больжээ


Сүүлийн үед хавтгайрсан халамжаас үүдэлтэй асуудал нийгэмд тулгараад байгаа билээ. Тухайлбал, архидалт нэмэгдэх, хүний нөөцийн асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, хүнсний дутагдал, барааны үнэ өсөх гэх мэт. Ямар ч улсад нийгмийн халамжийн бодлого гэж бий. Гэсэн хэдий ч халамжийн бодлогоо хэрэгжүүлж байна хэмээн мөнгө тараах нь нэг талаасаа буруу алхам. Амьжиргааны түвшин доогуур иргэд, зайлшгүй халамжид хамрагддаг иргэдийн хувьд төрөөс өгсөн мөнгө тэдэнд ихээхэн дэм болдог. Энэ бол зорилтот хүндээ хүрсний шинж. Эдгээрээс гадна үр ашиггүй халамжийн зардлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд төрөөс олгосон.
Тухайлбал, өнгөрсөн онд вакцинд хамрагдвал 50 мянган төгрөг, иргэн бүрд 300 мянган төгрөг олгох гэх мэтээр мөнгийг цацахаараа нэг болов. Үүнийг дагаж зарим нэр төрлийн барааны үнэ өссөн бол гэмт хэргийн тоо ч нэмэгдсэн зэрэг үзүүлэлт гарсныг мартаж болохгүй. Тэр тусмаа орон нутагт хувийн бизнес эрхлэх хүмүүст халамж хамгийн хүнд байдлыг үүсгэсэн гэхэд хилсдэхгүй болов уу.
Цар тахлын өдрүүдэд болон түүнээс ч өмнө иргэдэд тараасан их хэмжээний халамжийн мөнгөнөөс үүдэж бизнес эрхлэгчдэд хүний нөөцийн эрэлт ихээр үүссэн. Бэлэн будаа өгөөд зогсохгүй аманд нь халбагадаж өгч байхад хэн л ажил хийхийг хүсэх билээ. Ажил хөдөлмөр эрхлэх сэдэл ч үгүй болсон тэдгээр хүмүүс нэг төрлийн тэжээвэр амьтан шиг л нөхцөл байдалд өдийг хүрээд байна.
Ингээд үзэхээр орон нутгийн хөгжил ярихаас өмнө зах замбараагаа алдсан халамжийг цэгцлэх шаардлага холбогдох байгууллагуудад тулгараад байгаа юм. Орон нутгуудад хэрэгжүүлж буй үйл ажиллагааг нэмэх зорилготойгоор арьс ширний үйлдвэрүүд, жижиг дунд бизнес төслүүдийг дэмжих зэрэг ажлууд ч эхнээсээ үр дүнгээ өгсөөр байгаа билээ.
Жишээ нь
  • Архангай аймагт Швейцарь технологийг шингээсэн бяслагийн үйлдвэр ашиглалтад орсон.
  • Баянхонгор аймагт явган хүний замын хавтанг үйлдвэрлэж байна.
  • Дорноговь аймагт байгал орчинд ээлтэй дулааны станц ашиглалтад орлоо. Аймгууд өөрсдийн гэсэн нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдтэй болж байна.
 
Гэтэл эдгээр бүтээн байгуулалтын хүний нөөцийн асуудал гэдэг орон нутагт тулгараад буй хамгийн том асуудлуудын нэг юм. Тиймээс ч орон нутгийн удирдлагууд нэн тэргүүнд иргэдийн хөдөлмөр эрхлэх бололцоог хангаж, дэмжиж ажиллахыг чухалчилж байгаа аж. Шинэ он гарснаас хойш нийт гурван сум хүнсний талонгүй сум болсон байна.
Тухайлбал, Увс аймгийн Тэс сум, Хөвсгөл аймгийн Галт сум, болон Дундговь аймгийн Луус сум нь хүнсний талонгүй сум болсноо мэдээлсэн юм. 
Луус сумын Засаг дарга Д.Эрдэнэхуягаас талонгүй сум болохын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодруулав.
Тэрбээр “Нийт 73 өрх байсан ч хүнсний талон олгох журмын өөрчлөлттэй холбоотой талонд хамрагдах айлын тоо багассан. Улмаар 2021 онд 11 өрх хүнсний талонд хамрагдсан байв. Эдгээр өрхөөс хөдөлмөрийн насны иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, чадавхжуулах сургалтад хамруулсан. Үүнээс нэг иргэн байнгын ажлын байртай болсон бол мал маллах хүсэл сонирхолтой цөөн тооны мал бүхий өрхүүдэд цаашид малаа өсгөх боломжийг бүрдүүлэхээр өвөлжөөний хашаа барих, газрыг өмчлөх эрх олгосон юм. Мөн зорилтот өрх, иргэний амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор бүлгийн төсөлд хоёр өрхийг хамрууллаа. Үүнд, оёдол болон үсчин гэсэн төрлөөр хамрагдаж байгаа юм. Оёдлын цех болон үсчин ажиллуулах газар, хэрэгтэй тоног төхөөрөмж зэрэгт тус бүр нэг сая төгрөг зарцууллаа” гэв.
Харин Дундговь аймгийн Луус сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн дарга Т.Алдармаа “Өнгөрсөн оны байдлаар манай суманд найман өрх хүнсний талонд хамрагдсан. Эдгээр өрхийг хүнсний талоноос хамааралгүй амьдруулахын тулд үе шаттайгаар хассан. Эхний ээлжинд таван айлыг хассан бол он солигдох мөчийн өмнө үлдсэн гурван айлыг хассан байгаа.
Сум дотроо өрх тусгаарласан, 200-гаас дээш малтай, өөр суманд шилжсэн, түр ажилд орсон, оюуны хомсдолтой ч хөдөлмөр эрхлэх чадвартай зэрэг байдлыг харгалзан журамдаа үндэслэж эдгээр хүмүүсийг хүнсний талоноос хасах шийдвэр гаргасан юм. Эдгээр өрхүүдийн амьжиргааг дэмжихийн тулд ажлын байранд зуучилж, сургалтад хамруулж, хамтарч ажиллаж байна” гэсэн юм.
Энэ мэтчилэн хөдөлмөрлөх боломжтой иргэд халамжаас татгалзаж, ажиллаж буй явдал нь үр ашиггүй халамжийг багасгах гол хүчин зүйсийн нэг болоод байна. Цөөн хүн амтай манай улсын хувьд ажиллах хүний нөөц их байх тусмаа хөгжлийн талаар ярихад бодит нэг алхам болох юм. Харин халамжийг зайлшгүй шаардлагатай хүнд хүргэхэд хоёр алхмаар ойртох боломж билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ