Баян-Өлгий аймгийн Өлгий хотод улсын төсвийн 5 тэрбум төгрөгөөр Хүүхдийн эмнэлгийн барилгыг барьж, 2021 онд ашиглалтад өгсөн. Гэвч тухайн үед орон нутагт коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн оны хавраас Ковид-19 халдварын эмнэлэг болгон ашиглаж байсан юм.
Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудаас өгсөн мэдээллээр сүүлийн 7 хоногуудад тус аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ачаалал 2 дахин ихэссэн, ор хүрэлцэхгүй байгаа асуудал гарч байна.
Харин коронавируснний халдварын тохиолдлын тоо буурч, Ковидын эмнэлэгт 7-8 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд дээрх эмнэлгийг зориулалтын дагуу Хүүхдийн эмнэлэг болгон ашиглах саналыг аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргасан байна.