Аймгийн Засаг дарга А.Ишдорж Арвайхээр суманд баригдаж буй 60 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын явцтай танилцаж, энэ сард багтаан ашиглалтад оруулах үүрэг өглөө.
Ковид-19 цар тахалтай холбогдуулан аймгийн БОЭТ-ийн зарим тасгуудыг хааж, халдварын тохиолдлыг тусгаарлан эмчлэх зориулалтаар ашиглаж байгаа юм.
Тиймээс шинэ хүүхдийн эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулж, хүүхдийн мэс засал, гэмтэл, эрчимт эмчилгээ, нярай гээд хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх, бусад өвчтөнд зориулсан тасаг нээх шаардлага үүсч байна.
Хүүхдийн эмнэлгийн барилгыг улсын төсвийн 5 тэрбум гаруй төгрөгөөр “Хангамж-Өргөө” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд хөл хорионы улмаас ашиглалтад орох хугацаа хойшлогдсон аж. Ялангуяа хил хаалттай байгаагаас шалтгаалан БНХАУ-аас тээвэрлэн авчирдаг бараа материал тасарсан нь барилгын гүйцэтгэл удаашрахад нөлөөлж байгааг тус компанийн захирал Н.Батхүү хэлж байв.
Шинэ эмнэлгийн барилгыг стандарт шаардлагад нийцсэн бүтэц зохион байгуулалттайгаар, нян бактерийн эсрэг эко материалаар хийж байгаа гэнэ. Одоогоор барилгын явц 90 хувьтай байна.
БОЭТ-ийн амбулаториор жилд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган зэрэг аймгаас 20 мянга орчим хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, 3 мянга орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг ба ба улирлаас шалтгаалсан өвчлөл ихсэх үед ор хүрэлцээгүй болдог. Өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан, гэдэс өвдсөн гэх 20 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.