Манай сонин УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо хэрхэн ажиллав, түмэн олныг төрд төлөөлөх үүргээ биелүүлсэн үү, сонгогчдодоо өгсөн амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн үү, нэр цэвэр, төрийн хар хүн гэж үзэж болох уу гэдгийг “Сонгууль-2020“ буландаа хөндөж буй. Энэ удаа Архангай аймгаас сонгогдсон гишүүдийг онцолж байна. Тус аймгийнхныг хууль тогтоох байгууллагад Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын залуу гишүүд төлөөлж байгаа билээ.
КОНЦЕССЧИН Ж.МӨНХБАТ
Энэ парламентын чамгүй дуулиантай гишүүдийн нэг нь Ж.Мөнхбат. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар намаа сонгуульд ялуулахад тодорхой хувь нэмэр оруулсан тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдонгуутаа ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайдын сэнтийгээр “шагнуулсан”. Харамсалтай нь, удалгүй МАН-д хагарлын хар салхи дэгдэж, М.Энхболдын фракцыг хийсгэхэд тэр ч бас унасан билээ. Түүнээс хойш УИХ дотор намынхаа нөхдийг, намынхаа Засгийн газрыг хамгийн хурцаар шүүмжлэгчдийн нэг нь тэр болоод буй.
Ж.Мөнхбат намынхаа гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг хүргэх, МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, дотоод ардчилал бий болгох, эв нэгдлийг дэмжих зорилготой МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо гэгчийг байгуулж, анхдугаар хуралдааныг нь хийхдээ “МАН-ын бодлого уналтад орсон” хэмээн мэдэгдэж байлаа.
Мөн ЖДҮХС-гийн зээлээс болж манай нам 2020 онд ялагдах болчихлоо хэмээн уйлан дуугарч, УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зуран, Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөөд амжсан. Бас үеэлтэйгээ зодолдсон туслахынхаа танхайрлыг өөртөө ашигтайгаар улстөржүүлэх мэргэн санаа олж, хэвлэлийн хурал хийсэн удаатай. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга зэрэг нийтийн арга эвийг олдог, зохицуулагч, эвлүүлэгч, зохион байгуулагч гэж болохоор алба хашиж явсан тэрбээр сул гишүүн болсноосоо хойш ганцаарчилсан улс төр гэгчийг утгаар нь хийсний зарим жишээг дээр дурдлаа.
Тэрбээр ганцаарчилсан улс төр яаж хийдгээ харуулсан шигээ хувийн эрх ашгаа яаж боддогоо ч харуулаад амжсан юм. УИХ-ын гишүүн болсноосоо хойш хамгийн их хөрөнгөжсөн гишүүдийн нэг нь Ж.Мөнхбат гэж үзсэн иргэний нийгмийн байгууллага түүнийг шалгуулахаар АТГ-т өгсөн удаатай. Мөн тэрбээр ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа хадам ахынхаа компанид концесс аваад өгчихсөн зайтай эр. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын 162.9 тэрбум төгрөгийн концессыг хадам ахынхаа “Засагт чандмань майнз” ХХК-д өгөх шийдвэрийг Ж.Мөнхбат гишүүн ЗГХЭГ-ын дарга байхдаа гаргаж байв. Засгийн газрын сайд нар нь өөрсдийн хамаарал бүхий компанид концесс олгосон нь шуугиан тарьж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох нэг томоохон үндэслэл нь болсон билээ. Нэгэнт ил болсон уг концессоос гадна БНХАУ-ын компанид өгсөн томоохон концесстой ч Ж.Мөнхбатын нэр холбогддог юм. Хадам ахынх нь концесс цуцлагдсан ч БНХАУ-ын компанийн концесс цуцлагдаагүй, хууль хяналтын байгууллагаар явж байгаа юм билээ.
Тэр ЖДҮХС-гаас зээл авсан намын нөхдөө хамгийн их буруутгаж ярьдаг хүмүүсийн нэг. Гэтэл өөрөө уг сангаас зээл авахаар хөөцөлдөж явсан байдаг юм. Тэр талаар нь тухайн үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан, одоо ЖДҮХС-гаас эрх баригч намын гишүүд албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан хэргийг ганцаараа үүрч, хар толгойгоороо хариуцах хүнээр тодроод буй Б.Батзориг “Яг үнэнийг хэлэхэд Ж.Мөнхбат гишүүн ч гэсэн зээл олгооч ээ гэж байсан шүү дээ. Түүний явуулсан хүмүүс нь шалгуур хангаагүй” хэмээн ярьсан удаатай.
“ЦОНХОЛСОН” САЛБАРЫН АМИНЧХАН САЙД
МАН-аас бор халзан хонь байсан ч сонгогдчихоор байсан 2016 онд УИХ-ын гишүүн болоод зогсохгүй Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд болчихсон Ё.Баатарбилэгийг азтай залуу гэхээс яах вэ. Түүний ажиллаж буй энэ цаг үед коронавирус хэмээгч цар тахал дэлхий нийтийг сандаргаж, монголчууд хөл хорио тогтоосноор хариуцдаг салбарын бүх ажил тэг зогсолт хийчихээд байгааг харин аз гэх үү, эз гэх үү.
Ямартай ч Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдаар ажиллаж байх хугацаанд улсын шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг зогсоох, бүх шатны боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийг “цонхлуулж”, оюутан, сурагчдыг хичээлд суулгүй анги дэвшүүлэх шийдвэр түүний гараас гарлаа. Сонин тохиолдол. Халдвар тархаагүй байхад хэт сүржигнэж, алслагдсан сумдын сургуулийг хүртэл тарааснаар хүүхдүүд авах ёстой мэдлэгээ авахгүй хохирч, аав ээждээ тусалсан шиг өдөр хоногийг өнгөрөөж байна гэх шүүмжлэл мэр сэр сонсогдож л байна. Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн энэ арга хэмжээг буруутгах арга одоогоор үгүй ч хамгийн оновчтой нь байсан, эсэхийг цаг хугацаа харуулж, үнэлж дүгнэх хүмүүс гарч ирнэ биз.
Ирээдүйгээ тодорхойлох эгзэгтэй үедээ хичээл, сургуулиас сайдын тушаалтайгаар завсардсан төгсөх ангийнханд СD тараана гэж хэлээд нэвширтлээ гөвүүлэн дуугүй болсон зэргээс нь харвал БСШУС-ийн сайд маань ийм нөхцөлд хэрхэн ажиллах гарц гаргалгаагаа тодорхой сайн хараагүй, төөрч будилж л явах шиг. МАН засаглах бүрэн эрхийн хугацааны талд сайдын алба хашсан, түүнийхээ талд нь цар тахлаас болоод салбар нь сул зогссон түүнээс энэ салбарт үлдэх зүйл, ахиц дэвшил хүлээх хэрэггүй. Харин тойргоо бол Засгийн газрын хөрөнгөөр гайгүй сайн услаад авсан байх. Архангайн оюутнуудад зориулсан дотуур байр барих гэх мэтийн аминчхан ажил хийхээр болсон тухай нь сонсоогүй хүн үгүй болов уу.
ТӨРИЙН ОРДОНД ТӨӨРӨӨ НЬ ГАРААГҮЙ БАЙХДАА ТӨСВИЙН МӨНГӨ ГУЛСУУЛЖ СУРСАН Г.ТЭМҮҮЛЭН
УИХ-ын залуу гишүүдийн нэг тэрбээр парламентад дөрвөн жил болохдоо учиргүй тодорч товойсонгүй, бас бүр сураг алдарчихсангүй. Хааяахан энд тэндхийн хэвлэлд ярилцлага өгчихдөг, УИХ-аар хэлэлцэж буй асуудалд дундыг барьсан байр суурь илэрхийлчихдэг сул гишүүний нэг нь Г.Тэмүүлэн. Монголын улс төрд, тэр дундаа МАН-д Г.Тэмүүлэнгийн гэхээсээ аавынх нь нөлөө их. Г.Тэмүүлэн аавынхаа нэр нөлөөгөөр гарч ирсэн, удам залгасан “хунтайж” нарын нэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан аав нь гэр бүлээ өв хөрөнгө, мөнгө төгрөгөөр дутааж гачигдуулаагүй л байлтай, хүү нь УИХ-д сонгогдоод Төрийн ордонтойгоо бүрэн танилцаж амжаагүй шахам байхдаа ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн тоонд багтаад амжсан. Тодруулбал, Г.Тэмүүжингийн хамаарал бүхий этгээд буюу ээжийнх нь эзэмшлийн “Спа цогцолбор” 2017 онд тус сангаас 700 сая зээл авсан нь ил болсон юм.
МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, тойргийнхоо сонгогчдод өгсөн амлалтынхаа хүрээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хийж хэрэгжүүлсэн ажил гэхээр тоймтой зүйл дуулддаггүй. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ “2016 онд нялх хүүхдүүд нэр дэвшиж байхад цагаан магтаалаар магтаад явж байсан. Та нар мань мэт рүүгээ ус цацаж болно. Ард түмэн рүү болохгүй. Бид явсны дараа яаж төр барих гэж байгаа юм. Шөнөжин баардаад явдаг юм уу. Ийм байдал чинь парламентын уур амьсгалыг эвдэж байна” хэмээн чуулгандаа суудаггүй Г.Тэмүүлэн нарын залуу гишүүддээ хатуу үг чулуудаж байсан удаатай.
Т.АМИНА, NPost.mn