Манай сонин энэ дугаараасаа эхлэн улс төрд өнө удсан ч хийсэн бүтээсэн гавьяагүй, сонгогчиддоо молиго үмхүүлээд, өөрөө усанд хаясан чулуу шиг алга болдог гишүүдийг зарлаж байна. Тэд УИХ-д дэвшсэн тойрогтоо хэрхэн ажиллав, сонгогчиддоо өгсөн амлалтаа биелүүлсэн эсэх, нэр цэвэр үү гэдгийг “Сонгууль-2020“ буландаа хөндөнө. Цувралаар уншигчдад хүрэх энэхүү нийтлэлээрээ бид улс төрийн улаан, цэнхэр тугтнуудаас амлалт нэхэх болно. Харин нэр бүхий гишүүдэд дахин итгэл үзүүлэх эсэх нь уншигч таны шийдэх хэрэг ээ. Хийсэн, бүтээснээр маруухан эрхмүүдийн цувралыг Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүдээс эхлүүлж байна.
Үхрийн бөөр шиг алаг энэ тойргоос Ж.Батзандан, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Б.Батзориг С.Жавхлан нарын гишүүд төрд дөрвөн жил суух эрх өвөртөлсөн билээ. Баянзүрхчүүдийг “панаалдаж” төрийн түшээ бологсдод нэгэн ижил төлөвшил, үйлдэхүй, зан төлөв байгаа нь хувийн эрх ашгийг нийт олны эрх ашгаас өндөрт өргөж, гишүүний суудлыг мөнгө болгон “хувиргасан” илбийн гэмээр үйл ажиллагаа. Хамгийн ой гутмаар нь тэд өнгөрсөн хугацаанд иргэний эрхийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй хэрнээ хувийн амьдралаа өөд нь татах, бизнесээ томруулах, халаасаа түнтийлгэх боломж бүхний дэргэдүүр зүгээр өнгөрч байгаагүй юм.
“ПОП”-ЫН ХААН
Нүүрэндээ хэд хэдэн маск давхарлаж зүүгээд, төрийн ордны хаалгаар хашхирч орж ирсэн хүн бол Ж.Батзандан. Тэрбээр МАНАН дэглэмийн эсрэг “тэмцэгч”, С.Зориг агсны амиа алдсан хэргийг “илрүүлэгч”, Оюутолгойг “аврагч”, Эрдэнэтийн 49 хувийг “хамгаалагч”. Гэхдээ энэ бол түүний хамгийн чадмаг бүтээсэн дүр. Ж.Батзандан улс төрийг найрал дууны тайз гэж үзвэл, үзэгчдийн суудалд байхаасаа л тайзан дээр гармаар байна гэж хашхирсан нэгэн. Хэт хүссэн тайзан дээрээ гарчихаад, үе үе бусдаасаа тасарч солгойрдог гэмтэй. Ингэж бархирч байгаагаа харин ч нэг тоодоггүй, гөжүүд. Түүний улс төрд явсан зам мөрийг харахаар хаа нэг хамхуул хийсгэж, түүндээ өөрөө орооцолдчихсон байх нь бий. Тэрбээр 2012 оноос хойш УИХ-ын танхимд тасралтгүй суусан ч байсгээд л “Надад итгэ. Би чадна. Энэ бол миний энтертайнмент” хэмээн энд ч нэг, тэнд ч нэг жүжиглэнэ. Тэрбээр өөрийгөө нэг үзэл санаа, нэг дуу хоолойтой “найрал дуу”-ны багийн хүн гэдгээ заримдаа мартдаг. Гэв гэнэт хошин шогийн жүжигчин мэт ааш аяг гаргана. Заримдаа өөрийгөө баатар мэт мандуулж, зарим үед ядуу ард мэт дарууссан байх нь олныг сэнхрүүлдэг ганц чадмаг арга нь.
Энэ нь консул асан Д.Мөнх-Эрдэнийн ярьсан ноцтой баримтууд ил болсон тэрхэн мөчид илэрсэн. УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин "Ахыгаа Төрийн нарийн бичгийн даргаар нь үлдээх гэж МАН-д "биеэ худалдсан". Энэ хүнийг намын дарга болгож болохгүй" хэмээн Ж.Батзандан гишүүний талаар ам ангайж байсан удаатай. Үнэхээр ч удалгүй ах Ж.Бат-Эрдэнэ нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдож билээ. Зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүүс АН, МАН-ын батлахтай байх нь хэрхэн ашиг тусаа өгдгийг бид харж байгаа. Энэ ч утгаараа Монголын төрд ээлжлэн эрх барьдаг хоёр намын хатавч бараадаж, ашиг шимийг нь хүртэж яваа нэгэн бол Ж.Батзандан. Баянзүрх дүүргийн 53 дугаар тойргоос гишүүний мандат халаасалж байсан ч өнөөдрийг болтол тойрогтоо нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт нэг ч хийсэнгүй. Харин тэрбээр ирэх дөрвөн жилд ахин суудал горилж ШИНЭН гэх нам байгуулж, “Гурваас дээш хүүхэдтэй айл, өрхийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлж, нэг хүүхэдтэй, эсвэл хоёулаа хөдөлмөр эрхэлж байгаа залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг тэглэх, жилийн хүүг нь таван хувь хүртэл бууруулна. Төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тэглэж, багш, эмч нарын цалинг хоёр сая төгрөгт, өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэнэ. Цаашлаад аж ахуйн нэгж, иргэдийг ашгийн болон НӨАТ-аас бүрэн чөлөөлж, ЖДҮХС-гийн хөрөнгийг 500 тэрбум төгрөгт хүргэнэ” гэх мэт үлгэр яриад эхэлсэн юм. Энэ нь түүний хамгийн сайн чаддаг солгой өнгө.
МЭРГЭЖЛИЙН ТАЙЗНААС МЭДЭХГҮЙ ТАЙЗ РУУГАА ҮСРЭГЧ
Самандын Жавхлан нийтийн дууны тайзан дээрээ гоц байлаа. Гэвч нэг л өдөр тэрбээр цагаан морьтой ханхүүгийн дүрээр улс төрд ороод ирсэн юм. Айл айлын хаалга татаж, буурлуудад үнсүүлсээр төрийн түшээ болов. Гэвч олон хүний төсөөлж байсан шиг улс төрч болж чадалгүй дөрвөн жилийг үдэж байна. С.Жавхлан өнгөрсөн хугацаанд төрийн хүний мэдэж байх ёстой наад захын хуулийн заалт, эрх зүйн мэдлэг, буурь сууринд ер суралцаагүй, хамгийн залхуу гишүүн байв. Энэ парламентын ганц бие даагч гишүүн гэдгээрээ сондгой өнцөг болдог тэрбээр өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд Төрийн ордны гадаа 99 морьтон дагуулан ирж, ташуураа барин ордны босгыг алхсан. Мөн Төрийн ордонд хонож, хомоол асааж, дуу зохиож, ганцаардаж байгаагаа зарласнаас өөрөөр сонгогчиддоо болон Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогтоо хэрэгтэй ажил нэгийг ч хийгээгүй. Түүнийг ангийнхан нь хичээл тасалдаг, “хэлгүй” гишүүдийн тоонд оруулсан нь санамсаргүй хэрэг биш ээ. Мэргэжлийн дуучны тайзнаас мэдэхгүй төрийн индэр дээр түүнд хуулийн заалт ярьж, иргэний эрхийн төлөө дуугарах зай олдсонгүй. Харин нэг удаа төрийн дуулал дуулж, ордон дахь өрөөндөө хэд хоног унтах боломж олдсон нь МУГЖ С.Жавхланд дахин олдохгүй их хувь заяа гэдэг нь тодорхой.
УЛС ТӨРД Ч, УС НУТАГТАА Ч ГАВЬЯАГҮЙ “УНТААХАЙ”
Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойргоос УИХ-д сонгогдож гишүүн болсон эмэгтэй гишүүний төлөөлөл нь Д.Оюунхорол. Түүний хувьд хамгийн олон жил УИХ-д сууж байгаа нэгэн. Давхар дээлтэй байхаасаа л байгаль орчинд хамгийн ээлгүй сайдаар өргөмжлөгдөж байв. Энэ нь Дэргэвэр жиргэрүү гэгч нэн ховордсон ургамлыг наймхан сарын дотор түүх эрх олгочихоод хогийн ургамлаа мөнгө болгож байгаа нь сайн хэрэг ухааны юм яриад сууж байсан. Хамгийн сүүлд гэхэд л Монгол Улсаас Хонг Конгт суух Ерөнхий консулаар нөхөр Г.Жаргалсайханыг томилуулахаар улайрч, элдэв тохироо хийснийг хэвлэлийнхэн онцолж байлаа. УИХ дахь төмөр хатагтай гэгддэг тэрбээр иргэдэд 20 хүртэлх сая төгрөгийн “Итгэлийн зээл” олгох төсөл санаачлаад олон нийтийн эсэргүүцэлтэй тулж байв. УИХ-ын “унтаахай” гишүүн тэрбээр гэрэл зурагчидтай “дайн” зарлаж, хатуу хариуцлага тооцно гэх мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж байв.
УЛС ТӨР ДЭХ УРГИЙН МОДНЫ МӨЧИР Б.САРАНЧИМЭГ
УИХ дахь охидын бүлгийн “уяраадаг” гишүүнээр Б.Саранчимэгийг нэрлэдэг. Тэрбээр, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК"-д 800 сая төгрөгийн зээл авсан гэх хэрэгт нэр холбогдож сонгогчдынхоо итгэлийг шороотой хутгасан юм. Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойргоос УИХ-д нэр дэвшсэн ч өнөөдрийг болтол сонгогдсон тойргоо услаж байгаагүй гишүүн. Тэрбээр тойргоо услаж, зардал чирэгдэл болж байснаас улс төр дэх модоо усалбал, мөчирлөж ургах нигууртай гэх өөрийн философидоо итгэгч.
БАНХАР ХОЧИТ Б.БАТЗОРИГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ
Баянзүрх дүүргийн Засаг ноёны сэнтийгээс УИХ-ын гишүүн болтлоо ахисан цагаасаа балаг нь барагдахгүй чих халууцуулдаг тэрбээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө мутарлачихаад байгаа. ХХААХҮ-ийн сайд байхаасаа л албан тушаалаараа мундагдан энд тэндхийн сангуудыг цөлмөсөн луйвар нь илчлэгдсэн түүнд ирэх сонгуулиар дэвших эрх бүү хэл иргэд рүү эгч харах нүүр үлдээгүй. Хувьсгалын үйл хэргийн төлөө зүтгэсэн гэх үг түүнд ерөөс зохихгүй бөгөөд хувийн амьдралаа дээшлүүлэх гэж улс төр рүү шургалсан хулгана шиг хөеөлөгч, банхар шиг баастай нэгэн гэвэл илүү ононо. Энэ бүхэн нь ХОМ-ээс нь шууд харагддаг. Тухайлбал, 2015, 2016 онд жилийн 120 сая төгрөгийн орлого нь 2017 онд 320 сая, 2018 онд 455 сая болж суга өссөн байдаг. Амьдрах орон байр, унаа тэрэг, албан тушаал, эрх мэдэл цөм бүрэн ч хулгай л хийхгүй бол гар нь загатнаад байдаг Б.Батзориг мэтэд ганц л өгүүлбэр хаяглая. Хэн ч бай бурханы орон руу буцахдаа алтаар биеэ хулддаггүй юм л даа.
“ГУВЧАА” Ж.ЭНХБАЯР
“Тэлээ хурга таргалдаггүй”. Тэгвэл төрд ийм тэлээ хурга олон байгаа. Тэд МАН, АН гэх хоёр том хашаа руу ээлжлэн майлсаар Төр, Сан гэх хоёр мөөмнөөс ханахаа мэдэхгүй залгих нь тэлээ хурга шиг. Гэхдээ төр дэх тэлээ хурга шиг нөхөдийг “гувчаа” гэх нь зүйл нийцнэ. Ийм “гувчаа” гишүүний нэг бол Ж.Энхбаяр.
МАН-аас гурав дахь удаагаа УИХ-д сонгогдсон түшээ. Батлан хамгаалахын сайд, генерал Ш.Жадамба агсны хүү Энхбаяр гэдгээр нь улс төрийн хүрээнд илүү сайн мэднэ. Сайн эцгийн буянаар тэр улстөрд нөлөөтэй болж, МАН-ын залуу үеийн түүчээ хэмээн үнэлүүлсэн ч дорвитой хийсэн ажилгүй нэгэн. Жуумалзан инээмсэглэсэн овжин төрхнийхөө ард хувийн эрх ашиг, бизнесийнхээ орон зайг ямагт засаж, сайжруулж байдаг зальжин нэгэн. Тэрбээр, 2002 оноос эхлэн Хотын захиргаанд хэлтсийн дарга, дэд дарга хийж байгаад Гаалийн ерөнхий газарт ажилласан намтартай. Харин 2004 онд анх МАН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшиж, УИХ-д сонгогдож байв. Өдгөө Сэлэнгэ аймагт махны чиглэлийн шинэ үүлдрийн үхрийн фирм ажиллуулдаг, жилийн орлого нь 2.4 тэрбумд хүрдэг шаггүй бизнесмен. Овжин зан нь хулгай, луйвар нь илчлэгдэх төдийд л ил гардаг. ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн тоонд тэрбээр багтдаг. Иргэдийн боломжийг хулгайлсан нь илчлэгдэх мөчид уучлал гуйгаад, нэг өдрийн дотор тэрбумын зээлээ төлчихсөн гэж байгаа. Хэдийгээр хуулийн байгууллага түүнийг гэм буруугүй гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгож, хаасан ч МАН-ын ЖДҮ-чдийн тэргүүн эгнээнд тэр бичигдэнэ. Мөн түүний нэр хууль бус ан хийсэн, нутгийнхаа генералуудад шагналын хур буулгасан зэрэг олиггүй бүхний өмнө дуулддаг нь итгэж болохгүй улс төрчийн жагсаалтад багтахад хүргэж байгаа юм.