Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат аймгийнхаа нутаг дэвсгэрт мотоциклийн хөдөлгөөнийг ирэх гуравдугаар сарын 15-ныг хүртэл хориглох шийдвэр гаргасан талаар бид мэдээлж байв. Гэтэл эл захирамжийг бусад аймгийн засаг дарга нар хуулбарлан, шил дарааллан мотоциклийн хөдөлгөөн хориглосон захирамж гаргаж эхэллээ.
Тодруулбал, Увс аймгийн засаг дарга Ч.Чимид, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар захирамж гаргаад байна. Энэ захирамж цаашид ч үргэлжлэх магадлал өндөр байна. Ингэж хязгаарлаж байгаа өвөл цаг агаарын нөхцөл байдал хүндэрснээс шалтгаалж мотоциклийн осол гэмтэлд орохоос сэргийлсэн гэх.
Тэгвэл энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл гэдгийг эрхэм Засаг дарга нар бодож үзсэн болов уу. Ямар ч хуульд үндэслэгдээгүй, хуулийн зорилго, зарчмаа ойлгоогүй энэ мэт нэгнийгээ дуурайсан шийдвэрээс болж малдаа явах морь, машингүй малчид, унах унаагүй иргэд дүн өвлөөр хөл дүүжлэх унаагүй, осгох аюулд өртөх нь. Сум аймаг орно, малаа хайна, хүний ажил хаа мундах билээ. Энэ бүхэнд байгаа унаагаараа явахгүй өөр яах болж байна. Мотоциклтой явахаар эрсдэлтэй, машинтай явахаар эрсдэлгүй гэж хэн гээч хүний эрхийн мэдрэмжгүй дарга нь зөвлөсөн юм бол. Хөдөө орон нутагт машин тэрэгний хүрэлцээгүйгээс багийн эмч нар нь хүртэл өдий хүртэл мотоциклоор дуудлагад явсаар байгааг тэд мэддэггүй юу эсвэл тоосонгүй юу.
Энэ мэт орон нутгийн иргэд ч нутаг орондоо айвуу тайвуу амьдрах нөхцөлгүй болж, дарангуйлалд шилжиж буй бололтой.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд:
5.1.1.хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
5.1.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил цогц, тогтвортой, уялдаа холбоотой байх;
5.1.3.төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлэхгүй байх;
5.1.4.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн ололт, амжилт, шинэ мэдлэгт үндэслэсэн байх;
5.1.6.олон нийтийн оролцоонд түшиглэсэн, хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн байх гэж заажээ. Гэвч дээрх Засаг дарга нарын шийдвэр энэ хуулийг уландаа гишгэжээ.
https://eguur.mn/269477/