Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийг газраас сумдын Эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч нарыг чадавхжуулах сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион явууллаа.
"Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь" сэдэвт сургалтыг Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны дэмжлэгээр тус холбооны аймаг дахь салбартай хамтран зохион байгуулжээ.
Сургалтаар эмч нарт "Ковид-19" халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, халдварын тархалтын үе шатны үнэлгээ хийх, тандалт хийх арга зүй, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, лабораторийн оношилгоо, шинжилгээний сорьц авах, хадгалах, тээвэрлэх, түргэвчилсэн оношлуур хэрэглэх, хариу унших, халдварын эмнэлзүй, эмчилгээ, хяналтын менежмент, ковидоор өвчилсний дараах жирэмсэн эмэгтэйчүүд, төрсөн эхчүүдэд анхаарах асуудал зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.