Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Норвегид гарсан нум сумтай аллагын "Терорист халдлага" гэж дүгнэжээ



Тайван амгалан амьдралаараа алдартай Норвеги улсад лхагва гаригт олныг цочроосон цуст аллага гарсан билээ. Тус улсын Конгсберг хотын гудамжинд нэг этгээд нум сумаар таван хүний амийг хөнөөж, гурван хүнийг шархдуулаад баригдсан юм. Баривчлагдсан этгээд нь Данийн иргэн, 37 настай Эспен Андерсен Браатен болохыг Норвегийн эрх баригчид өчигдөр зарлажээ.

Хохирогчид нь 50-70 насны дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй байсан юм. Норвегийн тагнуулын албаны дарга Ханс Сверр Сёволд энэ удаагийн аллагыг "террорист халдлага” гэж дүгнэж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ аллага үйлдэх болсон шалтгаан мөрдөн байцаалтын дараа бүрэн тодорхой болохыг хэлсэн байна.

Үүнээс гадна аллага үйлдсэн этгээд нь Исламын шашинд орсон, радикал үзэл сурталд автаж эхэлсэн хүн байсан бөгөөд тагнуулын байгууллагын хяналтад байсныг Сёволд хэлсэн юм.

Гэхдээ ямар учраас түүнийг хяналтад авах болсон шалтгаанаа тайлбарлаагүй байна.

Норвегийн хэвлэлүүдийн мэдээлснээр Браатен өмнө нь хулгай, мансууруулах бодис хадгалсан хэргээр шийтгүүлж байсан гэнэ. Мөн эцэг эхийнхээ амь насанд халдахаар сүрдүүлсэн шалтгаанаар тэдэнтэй ойр байх эрхээ зургаан сараар хасуулж байжээ.

Гэмт хэрэг багатайгаараа алдартай Скандинавын хойгийн Норвеги улсад олон хүний аминд хүрсэн аллага ховор гардаг. Хамгийн сүүлд арван жилийн өмнө хэт үндсэрхэг үзэлтэн Андерс Брейвик гэгч 77 хүний амийг хөнөөсөн хэрэг гарч байв. Одоо тэр 21 жилийн хорих ял эдэлж байгаа.

Норвегийн хаан Тавдугаар Харальд ард түмнийх нь амгалан тайван амьдрал гэнэт айдас түгшүүрт автсанд харамсан гашуудаж байгаагаа пүрэв гаригт илэрхийлжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ