Орон нутагт COVID-19 халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Сүүлийн 24 цагт 2494 эерэг тохиолдол батлагдсан нь нийслэлээс өндөр үзүүлэлттэй байгаа юм. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр аймаг, орон нутагт эмнэлгийн ор хүрэлцээгүй болж нэмэлтээр ор дэлгэж эхэлжээ.
Тодруулбал, Завхан аймгийн Биеийн тамир, спорт хороонд 100 ор дэлгэсэн байна. Үүнийг аймгийн Засаг даргын нөөц сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр шинээр 50 ор худалдан авсан бол Улаан загалмайн нийгэмлэгийн хандиваар 50 ор тус тус дэлгэжээ.Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ муу, тусгаарлан ажиглах боловсон хүчний нөөцгүй болж байгаа тул есдүгээр сарын 15-наас хэвийн горимд ажиллаж эхлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.Увс аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4217 байгаа бол 1092 хүн эмчлүүлж байна. Үүнээс 728 нь эмнэлэгт, 365 нь гэрээр эмчлүүлж байгаа юм. Үүнээс гадна Хэнтий аймагт өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан Биеийн тамир спортын ордонд ор засч өвчтөнүүдээ эмчилж эхэлжээ.