Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Ар тамсаг" гэдэг газар, “Тосон” нуурын эрэгт дөрвөн хүн амарч байснаас хоёр хүн нуурын усанд сэлэхээр ороод живжээ.
Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 15:49 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Улмаар Булган аймгийн аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 130 км замыг туулан 19:30 цагт очиж, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Мөн өдрийн 20:04 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн харьяат иргэн Б /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг “Тосон” нуурын 10 метрийн гүнээс гаргаж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэсгийн даргад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.