
Нийслэлийн хүн амын өсөлт, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ жилээс жилд өргөжихийн хэрээр их хэмжээний хог хаягдал ялгарах болжээ. Улаанбаатарчууд өдгөө өдөрт дунджаар 1500 гаруй тонн хог хаягдал “үйлдвэрлэж” буйаж. Тэгвэл 2040 он гэхэд эл үзүүлэлт хоногт 2915 тонн болж нэмэгдэх төлөвтэй байна. Хог хаягдлыг дахин боловсруулах, эсвэл бүрмөсөн устгах ямар нэгэн арга хэмжээ авахгүй л бол байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг судлаачид анхааруулсан.
Хотын эргэн тойрон дахь хог хаягдал ангилан ялгах, булшлах төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал хүрэлцэхээ болиод удаж байгаа тул Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг, Морингийн даваанд 10 га газрыг хамарсан шатаах үйлдвэр барихаар болсон. Төслийн гүйцэтгэгчээр ийм үйлдвэр 12-ыг барьсан туршлагатай, “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” компани шалгарсан юм. Хэрэв тус үйлдвэрийг зураг төслийн дагуу барьж, хугацаа (2028 он)-нд нь ашиглалтад оруулбал өдөрт хотын нийт хог хаягдлын 32 хувийг шатааж, жилд 210 сая кВт/цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр 2333 өрхийг цахилгаанаар хангаж, хүлэмжийн хийн ялгарлыг жилд 106 мянган тонноор бууруулна гэж тооцжээ.
М.Гэгээ
https://www.unuudur.mn/a/278591







