Завхан аймгийн хэмжээнд авто засвар, шатахуун түгээх станцаас үүсэж байгаа аюултай хаягдлуудыг бүртгэж устгах арга хэмжээг авчээ. Өнгөрсөн жил аюултай хог хаягдлын тооллого хийж, хог хаягдлыг стандартын дагуу устгах, зайлуулах, тээвэрлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хийсэн байна.
Аймгийн хэмжээнд нийт найман эх үүсвэрээс 33 нэр төрлийн аюултай хаягдал үүсэж байгааг тогтоожээ. Үүний нэг нь авто засвар, шатахуун түгээх станцаас үүсэж байгаа аюултай хаягдлууд юм. Тухайлбал хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны бусад тос 4.5 тонн.
Хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны хлор агуулсан эрдсийн тос гэхэд 2 тонн, хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны нийлэг тос 1.2 тонн, хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны хлор агуулаагүй эрдсийн тос 61.9 тонн байна. Эдгээр хаягдлуудыг бүртгэж мэргэжлийн байгууллагад устгуулахаар өгсөн байна. Түүнчлэн аюултай хог хаягдал хуримтлагдахаас урьдчилан сэргийлж, Таван чихийн амны хогийн цэгт Аюултай хог хаягдлын агуулахыг барьж ашиглалтад оруулсан юм.
Мөн эмнэлгийн аюултай хог хаягдал шатаах байрыг эрчим хүчинд холбосон байна.Отгон суманд хог хаягдал зөөвөрлөх тоног төхөөрөмж, Отгон, Эрдэнэхайрхан, Улиастай, Тосонцэнгэл, Дөрвөлжин, Цагаанхайрхан, Тэс, Сонгино сумдад хог хаягдал шатаах зориулалтын дунд оврын зуухыг ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотой сумдын хог хаягдал шатаах зуухыг ажиллуулах ажилчдад тоног төхөөрөмжийн болон аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар ажилчид тухайн орон нутагтаа тогтвортой ажиллаж байна.
Хог шатаах зуух нь суурилуулсан сумуудын хэмжээнд ажиллах бөгөөд хүчин чадлынхаа хэрээр ажиллаад эхэлбэл хог хаягдлын хэмжээ буурна. Мөн бүхий л төрлийн хог хаягдлыг улирал харгалзахгүйгээр шатааж чаддагаараа онцлогтой гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Өнгөрсөн жил Завхан аймгийн хэмжээнд 3499 нүхэн жорлонгийн 21130.7 м2 талбайг 2 тонн ариутгалын бодисоор ариутгаж, 23 нүхэн жорлонг дарж булшилсан байна.