Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газарт өндөр настан хоёр эрэгтэй усанд живсэн харамсалтай явдал өнгөрсөн сард болсон. Тодруулбал тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны 70 настай А, мөн тус багийн 3 дугаар байрны 64 настай иргэн С нар наймдугаар сарын 18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живжээ. Энэ тухай мэдээллийг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тухайн үед эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг зогсоогоод байсан юм. Тэгвэл ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Оросын Холбооны Улс”-ын хил хүртэл усаар 270 км-т явж, “Арван хоёр салаанын-Эх" гэдэг газар хүртэл 35 км-т явж, 5 метрийн гүнд 6 удаа гүний шумбалт хийсэн боловч мөн л үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Цагааннуур сумын Тийрэг багийн Хужир нуга гэдэг газар тус аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн харьяат 52 настай иргэн Г /эрэгтэй/ энэ сарын 15-ны 17:00 цагийн орчимд явганаар Сэлэнгэ голын эргээр мал хариулж яваад усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг өчигдөр /2020.09.16/ 06:55 цагт хүлээн авчээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Сэлэнгэ голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:49 цагт голын салааны 2 метрийн гүнтэй тогтоол уснаас цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Энэ жилийн хувьд гол мөрний усны түвшин харьцангуй их хэмжээгээр үерлэн нэмэгдсэн байгаа. Иймд ард иргэд өөрсдийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс гол ус гатлахгүй, гол нуурын усанд орохгүй байхыг сануулж байна.