Аймгийн ИТХ-аас энэ жил 12-р анги төгсөж байгаа 1124 хүүхдийг Элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэхэд нь зориулж ДАТА урамшуулал олгохоор болсон байна. Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдоос тодрууллаа.
-Аймгийн хурлаас 12-р ангийн сурагчдад ДАТА урамшуулал олгож байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Дэлхий нийтээр тархсан “Ковид-19” цар тахлын улмаас Монгол Улсын хэмжээнд нөхцөл байдал хүндэрч, тэг зогсолт хийгээд байна. Увс аймагт ч гэсэн коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаа энэ үед сурагчид танхимаар хичээллэх боломжгүй байна. Манай аймгийн хэмжээнд энэ жил 1124 хүүхэд 12-р ангиа төгсөж байгаа. Эдгээр хүүхдүүд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх цаг хугацаа тулаад ирчихлээ. Гэтэл танхимаар хичээллэх боломж өдрөөс өдөрт хумигдсаар байгаа тул аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас манайд албан ёсоор хандсан. Тодруулбал:
“12-р ангийн сурагчдыг ЭЕШ-д үр дүнтэй бэлтгэн, шалгалтаа амжилттай өгч хүссэн сургуульдаа суралцах боломжийг нь бүрдүүлмээр байна. Мөн багш нарыг ажлын байранд нь хөгжүүлж, харилцан туршлага судлуулахаас гадна ЭЕШ-ын аймгийн амжилтыг өмнөх оноос нь ахиулах зорилгоор аймгийн хэмжээнд TEAMS программ ашиглан цахим хичээлийг зохион байгуулмаар байна. Иймээс бүх сурагчийг ДАТА-гаар хангах тал дээр аймгийн ИТХ-аас дэмжлэг үзүүлээч” гэсэн саналыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас тавьсан.
Энэ асуудлыг би аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарын цахим группт тавьж, төлөөлөгчийн зардлаас шийдмээр байна гэдэг саналаа хэлсэн. Та бидний сонгогдсон тойргийн хүүхдүүдийн ирээдүйг шийдэх гэж байна. Иймээс бүгдээрээ тусалъя гэдгээ илэрхийлэхэд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч бүгдээрээ зөвшөөрсөн.
-Багш нарыг бас ДАТА-гаар хангаж байгаа юу?
-Увс аймгийн 15 сургуулиас хамгийн чадварлаг 76 багшийг сонгон 12-р ангийн сурагчдад цахимаар хичээл заалгаж байна. Тиймээс 12-р ангийн 1124 сурагчаас гадна 76 зөвлөх багшид ДАТА-ны урамшуулал олгоно.
Аль үүрэн холбоог сонгох вэ гэсэн саналыг 12-р ангийн төгсөгчдөөс авахад Мобикомыг гэсэн юм билээ. Энэ дагуу аймгийн ИТХ-аас Мобиком компанийн Увс аймаг дахь салбартай гэрээ байгуулсан. Тэдний зүгээс хамгийн хямд үнээр ДАТА-гаа нийлүүлж байгаа.
Сурагчдын хичээл энэ сарын 26-ны өдрөөс эхлэсэн бөгөөд ирэх 6-р сарын 7 хүртэл 6 долоо хоногийн турш үргэлжилнэ. Цахим хичээлийг ЭЕШ өгдөг 10 судлагдахуунаар явуулах бөгөөд нэг удаагийн цахим хичээлийн үргэлжлэх хугацааг 80-120 минут байхаар аймгийн БСУГ-аас хөтөлбөр гаргасан байна.
Энэ ташрамд төгсөх ангийн сурагчдынхаа төлөө идэвх зүтгэл гарган санаачилгатай ажилласан А.Болормаа даргатай аймгийн БСУГ-ын хамт олонд баярлалаа гэдгээ хэлье. Мөн тойргийнхоо 12-р ангийн сурагчдыг ЭЕШ-даа бэлтгэхэд нь зориулж төлөөлөгчийн зардлаасаа ДАТА-ны төлбөр шийдэж өгсөн Увс аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчдөд талархсанаа илэрхийлье.
Энэ жил 12-р анги төгсөж байгаа нийт сурагчдаасаа ЭЕШ-аар улсын хэмжээнд хамгийн өндөр оноо авч, өмнөх жилийн амжилтуудаа бататгахыг хүсч байна.
Увс нутгийнхаа ард иргэдэд хандаад ковидгүй зуны төлөө хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ барьж, цар тахлын ард хамтдаа гарцгаая гэж хэлэх байна.
-Танд баярлалаа.