- Амьсгалын замын бусад өвчний адилаар COVID-19 хүний биеийн үнэрийг өөрчилдөг гэж нотолж байна
Их Британид коронавирусийн халдвартай хүмүүсийг хайхад нохой сургаж байгаа талаар France Press агентлаг уламжлав. Medical Detection Dogs хэмээх буян байгууллагын санал болгосон судалгаанд Дарем ба Лондоны их сургуулийн мэргэжилтнүүд оролцож байна. Өмнө нь уг байгууллагын сургасан нохдыг хорт хавдар, Паркинсоны өвчин, хумхаа болон хэд хэдэн бактерийн гаралтай өвчнийг илрүүлэхэд ашиглаж байжээ. Тус байгууллагыг үндэслэгч Клэр Гэст “Нохой COVID-19-ийг тодорхойлж чадна гэдэгт бид зарчмын хувьд итгэлтэй байгаа. Одоогийн байдлаар өвчтөний вирусийн үнэрийг аюулгүй байдлаар авч нохойд үнэрлүүлэх аргыг хайж байна. Гол зорилго нь шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг олж, шинжилгээнд хамруулахад нохой тусална” хэмээв. Лондоны ариун цэвэр, халууны бүсийн өвчний анагаах ухааны сургуулийн нэг ажилтан амьсгалын замын бусад өвчний адилаар COVID-19 хүний биеийн үнэрийг өөрчилдөг гэж нотолж байна.Энэ нь SARS-CoV-2 вирусийг нохойгоор илрүүлэх найдвар төрүүлж байгаа аж. Өмнө нь Medical Detection Dogs-ын ноход хумхаа өвчнийг маш өндөр нарийвчлалтай илрүүлж байжээ. Судлаачид тахлын дэгдэлт сулрах үед нааштай үр дүн гарч, сургасан нохдоо онгоцны буудлуудад ажиллуулснаар гаднаас вирус орж ирэхээс сэргийлнэ гэж тооцож байна.
Засгийн газрын мэдээ