Баянхонгор аймгийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлыг мэдээллээ. Энэ сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” сувиллын газраас зөөвөрлөгдөн ирсэн нэг тохиолдол Баянхонгор аймагт бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Мөн Улаанбаатар хотын иргэн А нь Өлзийт суманд шинжилгээний хуурамч бичигтэй нэвтэрсэн байсныг холбогдох газраас шалган ХӨСҮТ-өөс шинжилгээний хариуг нягтлахад эерэг гарсан байсан нь тогтоогдсон тул тус иргэнийг 2021.03.24-ний 19.19 цагт НЭ-ийн Халдвартын тасагт шилжүүлэн эмчилгээг эхлүүлжээ. Тухайн иргэний хавьтлын тандалт судалгааг тогтоох ажил үргэлжилж байна.
Түүнээс гадна Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын ахалсан ажлын баг Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн чиглэлд ажилласан бөгөөд Завхан аймагт тус ажлын багаас коронавирусний тохиолдол илэрсэн. Тиймээс Баянхонгор аймгийн Онцгой комисс шийдвэр гарган дээрх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 27 иргэнийг тусгаарлан, 307 иргэнээс PCR шинжилгээг авч 2021.03.25-ны 03:36 цагт ХӨСҮТ рүү илгээгээд байна. Одоогийн байдлаар халдварт өвчний тархалтын тандалт судалгааг эрчимжүүлж, батлагдсан тохиолдлуудын дам хавьтлуудыг илрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Ташрамд дуулгахад, Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн төвийн хяналтад зургаан пост, аймгийн хэмжээнд 20 сумын хяналтын 72 постод 273 албан хаагч, 80 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.a