Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архичдаа дээдэлсэн хөл хорио

Энэ сайхан намар өвлийг цар тахал харлуулчихлаа. Өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдлын хөл хорионд  бараг нэг жил болсон хүн ард маань туйлдаж байна даа. Тангараг өргөсөн эмч нар маань хүртэл энэ аюулт тахлын өмнө хүчин мөхөсдөж эхнээсээ халширч зутарч эхлэлээ. Уул нь өргөн уудам нутагтай, сийрэг байршилтай, байгалийн цэвэр бүтээгдэхүүн идэж уудаг, жилийн дөрвөн улирлын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон монголчууд тийм ч амархан “гар өргөх” хүмүүс биш юмсан. Эрүүл мэнд, онцгой байдал, хил гааль мэргэжлийн хяналт, цагдаа, хэвлэл мэдээлэл, хотын байгууллагын мянга мянган ажилтан ажилчид яаж зүтгэж, улс орон ард түмнээ өдий зэрэгтэй харж хамгаалж өнөө хүрснийг  хэн ч үгүйсгэхгүй. Дэндүү их хөдөлмөр зарж, амь хайргүй тэмцэж, арван хэдэн сарыг ардаа хийгээд байгаа дээрх байгууллагуудын удирдлага, ажилтнуудад баярлахаас өөр аргагүй.
 
Харин, дээд түвшиний удирдлага, зарим түшмэлүүдэд гомдож горойж явдаг олон түмнийхээ санал бодлыг энд бичиж байгаа юм. Зөв шийдвэр гаргаж, зөв хэрэгжүүлж байсан бол  энэ коронавирус гэх цар тахлыг хохирол  багатайгаар аль эрт дараад авах байсан гэдэгтэй би санал нийлдэг хүн. Ямар санал?!
 
НЭГДҮГЭЭРТ:   Эрх  баригчид, энэ хүнд үед дэндүү хармын сэтгэлээр хандаж байгаа. Олон удаагийн сонгууль, одоо эхэлж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд ямар их мөнгө зарж, одоо хүртэл сугандаа хавчин хадгалж байна гээ!  Та нар УИХ-аар баталж байгаа төсөв болгоныг харж байгаа. Ард түмэндээ болохоор “Мөнгөгүй, цар тахлын үед эдийн засгийн хүндрэл бэрхшээл учирч байна” гэдэг атлаа өндөр цалин хангамжтай УИХ-ын 76 гишүүндээ хүн тус бүрд нь 250 сая төгрөгийг, танай тойргийнх шүү гээд өгчихөж байгаа юм. Өөрсдийнхөө нутаг нугынханд хөрөнгө оруулалт нэрээр хэчнээн их наядыг төлөвлөв дөө. Өөрсдийнхөө танил тал, садан төрлийг өндөр албан тушаалтай их хангамжтай болгохын тулд хэчнээн яам, агентлаг, байгууллагыг шинээр байгуулав?!  Би бол, энэ бүхнээ ганц хоёр жил тэвч!  гээд л ад үзэгдээд байгаа юм. Улс гүрэн болгон тэвчиж болох хөрөнгүүдээ танаад ард түмнийхээ эрүүл  мэндийн төлөө зориулж байгаа. Бэлэн мөнгө тарааж байгаа нь ч нууц биш. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга маань улсынхаа бүх өрхөд нэг нэг сая төгрөг бэлнээр олгоё гэснийг Ардын намын Засгийн газар, их хурал дэмжээгүй байна билээ. Би, Ерөнхийлөгчийнхөө саналыг дэмжсэн ч нэг зүйл дээр эргэлзэж байсан. Монголын бүх өрхөд биш л дээ, дундаас доош орлоготой өрхөд гэсэн бол илүү ач холбогдолтой байсан байх. Монголын тэрбумтнууд, тухайлбал Б.Чойжилсүрэн, Б.Наранхүү, Сү. Батболд, Л.Энх-Амгалан, С.Эрдэнэ... нар бол нэг сая төгрөгөөр яах юм!
 
Би тэгээд эрхэм дээдэст ил захидал бичихдээ дундаас доош орлоготой бүх гэр бүлд 3-5 сая төгрөг бэлнээр олгож Улаанбаатар, Сэлэнгэд 14-30 хоног тэг зогсолт хийн, цар тахлыг нэг мөсөн дарж авъя гэж саналаа бичсэн юм. Мэдээж, 3-5 сая төгрөг өгөхгүй л дээ. Хоёр гурван саяыг бэлнээр тарааж, энэ ядарсан ард түмнийхээ голыг зогоогооч л гэсэн юм.  Монголд бол мөнгө шиг их юм байхгүй. Өнөөх 4-5 тэрбум ам.долларын нөөц хаачсан бэ. Бараг л улс болгоноос ирсэн зээл, тусламж хаачсан бэ. Дотоод гадаадын банк, оффшор бүсүүдэд нуусан валютууд яасан бэ. Бүгд эрх баригчдын “суганд” бий. Энэ их мөнгийг сонгуульд хадгалж байхын оронд ард түмэндээ тараагаад, аж ахуйн нэгжүүдээ тордоод 14-30 хоногийн тэг зогсолт хийн цар тахлыг дарж аваасай гэхдээ л би бичээд байгаа юм.
 
ХОЁРДУГААРТ: Цар тахлын үеийн бүх нийтийн бэлэн байдлыг сулруулах биш, 14-30 хоног бүр чангатгаж, Улаанбаатар, Сэлэнгэ мэт газруудад уг сурвалжийг нь таслах ёстой байсан гэж олон хүн ярьж байна. Энэ аюулт өвчний хөл хориог сулруулснаар Улаанбаатарт Баянзүрх дүүргийн эмнэлгээс улбаатай хэд хэдэн голомт үүсэж, цаашид яаж ч магадгүй боллоо хэмээн хүмүүс түгшиж байна. Зөвхөн нэг хоногт коронавирусын 57 тохиолдол бүртгэгдлээ.  Бас Баянзүрх дүүргийн Батхаан төв, Амгалангийн гааль зэрэг газруудад цар тахал голомтлон гарч байгаа тухай мэдээ цацагдсан боловч эрхэм дээдэс их л нууцалж байгаа. Бодвол ойр дотных нь хүмүүсийн албан газар юм бол уу даа. Ямартай ч цар тахлыг нийслэлдээ алдаад, хяналтандаа барих эсэх нь одоогоор тодорхойгүй болчихлоо. Дарга нар ч амар амгалан, сонгууль, нам хоёроо яриад л сууж байгаа.
 
ГУРАВДУГААРТ: УИХ, Засгийн газар, харъяа салбаруудын уялдаа холбоо хэтэрхий сул байна. Засгийн газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлыг эргүүлэн тогтоож байхад хотын удирдлагууд нь вино, пиво худалдаалахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж байх юм. Энэ нь архичдыг ивээн тэтгэснээс гадна архи үйлдвэрлэгчид борлуулагч эздэд найр тавьсан, хүний эрүүл мэндээс архинд донтогсдыг илүүд үзсэн, “мөнгө цагаан нүд улаан” гэсэн байдал ажиглагдаад байна. Ер нь цар тахал дэгдэлтийн гол нөлөө нь архи ч байж болох юм. Жишээ нь, хатуу хөл хорионы үед хоногт 70-120 хүн эрүүлжигддэг байсан бол хөл хориог бууруулсан арванхоёрдугаар сарын 20-ны ганцхан хоногт 560 хүн эрүүлжүүлэгдсэн байгаа юм. Эрчүүд нь хэдэн шил пиво уугаад халчихдаг, хүүхнүүд нь хэдэн хундага вино уугаад согтчихдог, тэгээд бие биенээ дуудаж, энэ байруудаар бужигнуулна л даа.  Архичид маань дарга сайд нарын ивээлд багтсанаар 560 гэсэн тоо хэд болж өсөхийг бүү мэд. Эрүүлжигдэж байгаа хүмүүс чинь, юун зай барих, маск зүүх манатай, хажуу хавиргаар нь нийлүүлээд хэвтүүлчихдэг гэх юм. Ийм нөхцөлд бол коронавирус тархахаас яахав дээ! Манай эрх мэдэлтнүүдийн гаргаж байгаа шийдвэр бараг нь ийм зөрчилтэй.
 
Архи пиво худалдаалах эвээ яасан сайн олсон гээ. Хортой архи уугаад дөрвөн хүн нас барж гэнэ. Архи согтууруулах ундаа худалдахгүй бол ийм аюул болж байна гэж бараг л гашуудал зарлаад, өргөн сурталчлаад, өнөөдөр вино, пивонд умбуулж байгаа юм даа. Уул нь манайд дөрөв байтугай, хорь гучаараа нас барж л байсан. Бүх нийтийн бэлэн байдлыг зориуд санаатайгаар эсэргүүцэж байгаа юм шиг энэ үйлдлийг дээд дарга нар, хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авмаар юм даа!
 
ДӨРӨВДҮГЭЭРТ: Гадаад харилцааны яамны консулын хэлтсийн дарга удирдаад бараг зуу шахам орноос, аль голомттой газруудаас олон мянган иргэдээ нутагт нь авчирсан. Зайлшгүй ирэх шаардлагатай цөөн хэдэн хүн байсан л байх. Гэтэл энэ зөөвөрлөлтийн цаана учир их байжээ. “Үхлээ хатлаа” гэж хэн нэгнээр яриулчихаад  тусгай үүргийн онгоцоор тамхи зөөж байсан баримт бий. Ойр дотныхоо хүмүүсийг, бүр хаа хамаагүй гадаадын иргэдийг зөөж байсан баримт бий. Сүүлийн үед өвчтэй, өвчингүй хүмүүсийг хил гаалиар холиод аччихсан, ирээд шууд коронавирус илэрсэн баримтууд ч бий. Нутагтаа ирсэн зарим нь зодоон цохион хийж, суулт хүртэл зарлаж дэглэм сахиулагчдыг дарамталсан олон баримт бий.  Саяхан Франкфуртын тусгай үүргийн онгоцноос хоцорсон “Ц.Цэцэгбал хүний нутагт харж үзэх байгууллага, хүмүүсгүй зовж зүдэрч байгаа тухайгаа сошиалаар цацаж, шуугиан тарьж монголчууд бүгд л өрөвдөж, зарим нь нулимс унагасан байх. Ц.Цэцэгбалын нөхөр З.Хүрэлбаатар, Нисэхийн багийнхан “Та хүлээж бай” гэж хэлчихээд орхиод явчихсан нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл” хэмээн ярилцлага өгсөн. Гэтэл дараахан нь Германд суугаа Монголын элчин сайдын яамны дэлгэрэнгүй мэдээлэл гаргасан. Тэр мэдээлэлээр Германы элчин сайдын яам, холбогдох  бүх байгууллага, хүмүүс Ц.Цэцэгбалд дээд зэргийн анхаарал тавьсан юм билээ. Ер нь тэгээд цар тахлын халдварыг алдчихаад байхад, гадаадын голомт болгоноос иргэдийг зөөгөөд байгаа нь зөв юм уу. Би сайн  ойлгохгүй байна. Зарим нь ирчихээд буцна гэж загнаж байгаа гэсэн. Ийм хүмүүст сануулж хэлдэг, арга хэмжээ авдаг эсэхийг мэдэхгүй. Дор нь дарж мартуулдаг юм. Улсын онцгой байдлын Ерөнхий газрын дарга асан хошууч генерал О.Үржин саяхан хэвлэлд “Гамшиг тахлын үед үүрэг хариуцлага яригдана. Тэрнээс хүний эрх яригдахгүй” гэж тун чухал ярилцлага өгсөн байна билээ. Гамшиг тахлын үед хэрэг зөрчил гаргасан, хариуцлага алдсан хүмүүсийнхээ толгойг илээд суудаг газар манайхаас өөр байхгүй байх. Зарим улс оронд олон жилийн хорих ялтай, цааз ялтай хууль баталсан байна билээ. Манайд тэгвэл өнөөх шүүх прокурорынхон өнөөдөр хаана яваа юм бүү мэд. Гэрээсээ ажиллаж байгаа гээд “гэдсээ илээд хэвтэж” байгаа юу?!  
 
ТАВДУГААРТ: Би, хатуу хөл хорио сунгасныг зуун хувь дэмжиж байгаа. Гэхдээ учир явдал их байна. Гол нь нийслэлийн тээвэр. Хэдэн автобус, албан ёсны 800 такси гэвүү дээ, иргэдэд үйлчилж байгаа юм байна. Нийслэл хот гэдэг чинь их айл болжээ. Захын хороололд, автобусны буудлаас хол хөндий хүмүүст янз бүрийн яаралтай хэрэг гарна. Эмнэлэгт үзүүлнэ, шинжлүүлнэ, шарх соривоо боолгоно. Их ажил байна шүү. Гарахад л бэлэн байдаг хувийн унаануудыг зогсоочихсон. Тэгээд яах юм?!  Миний бодлоор бол дуудлагын такси олноор бий болгож, утсыг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зарламаар байна.
 
ЗУРГАДУГААРТ: Юм юм л дутагдаж гачигдаж байгаа бололтой. Түргэн оношлогооны материал дууслаа л гэнэ. Уушги зүрх орлох аппарат сая л хэдийг оруулж ирж байгаа бололтой. Өнөөх вакцин чинь хагас жилийн дараа бидэнд хүртэх юмуу, үгүй юмуу, бүү мэд. Эзэн орнууд хэдэн зуун саяар нь хүмүүсээ вакцинжуулж байхад манайх ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс гэсэн өдөр судартай л суугаа. Хоёрхон сая хүнийг вакцинжуулах ч мөн гайгүйсэн дээ. Ядарсан, өндөр настнаасаа эхлээд явбал явж л байг гэсэн шиг, даанч сэтгэл дутах юм даа.
 
ДОЛДУГААРТ:  Хэсэг бүлэг хүний хуйвалдаанаар хүнд өгчих гээд байгаа нийслэлийн засаг захиргааны шинэ байрууд (Арцат, Яармагт) хавдар судлалын төвийн хашаанд  хэдэн жил дараатай хэвтээ больницын зориулалттай шинэ барилга зэргийг яаралтай тоног төхөөрөмжилж халдвартын эмнэлэг болгомоор байна.
 
Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван гишүүн болон УОК-ын дарга Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартаа өвгөн сэтгүүлч нь нэг л  зүйл гуйгаад байгаа. Улс оронд хүнд хэцүү цаг мөч тулгарлаа. Та нарт, мөнгө, эрх ямба, сонгуулийн ялалт, албан тушаал бүгд олдоно оо. Хүн ардын чинь эрүүл мэнд , амь нас гэдэг зүйл л алдагдвал нөхөж баршгүй хохирол учирна. Иймээс түрүү хэлсэн Монголын хөрөнгө мөнгийг энэ аюулт цар тахлын эсрэг харамгүй зориул л даа. Энэ ядарсан ард түмнээ ивээн тэтгэ. Энэ гамшгийн гол фронтод нойр хоолоо мартан зүтгэж байгаа хүмүүсийнхээ цалин хангамжийг 2-3 дахин нэм. Орон сууц, бүх талаар халамжлан анхаар гэж  хэлмээр байна.
 
Энэ өвчин тахал цаашдаа газар авбал ДЭМБ-ын болон БНХАУ-ын туршлагатай эмч нарын багийг ажиллуулвал ямар байна? Олон улсад туршаад, өвчтөнийг хурдан эдгэрүүлээд байгаа эм тариануудыг ч яаралтай оруулж ирж болоогүй юмуу?!
 
“Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэсэн үг байдаг юм. “Галын шугам”-нд ажиллаж байгаа эмч ажилтнууддаа, тэр  сонгуулийн өмнө баруун солгойгүй тараагаад байгаа төрийн дээд шагнал урамшууллуудаа харамгүй хүртээвэл яасан юм?!        
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
Г.ЖАМЬЯН (Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч)
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ