Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар аймгийнхаа удирдлагууд, сумдын онцгой коммисстой цахим хурал хийлээ. Цахим хурлаар отор нүүдэл, өвөлжилтийн бэлтгэл, тусгаарлах байр, эргүүл, жижүүрт гарч буй хүмүүст тулгамдаж буй асуудал, бэлэн байдлыг хангах санхүүгийн бэрхшээл зэрэг олон асуудлаар санал солилцсон юм.
Архангай аймгийн дөрвөн суманд өвөлжилт хүндэрсэн байна. Тус сумдын малчдад хүрч ажиллах эмнэлгийн түргэн тусламжийн автомашин хүрэлцээг шийдэх шаардлагатай байгааг гишүүдэд дуулгалаа. Уг асуудлыг УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн яаманд уламжилж өгөхөөр болсон юм. Мөн УИХ-ын гишүүд Архангай аймагт 200 сая төгрөгийн өвс тэжээлийн асуудлыг шийдүүлсэн, удахгүй сумдад хуваарилагдах юм байна.
Цар тахал, өвөлжилтийн асуудал зэрэг хүнд цаг үед аймаг, сумдын удирдлагуудтайгаа тогтмол холбогдож, тодорхой асуудлуудыг шийдэх, түргэн шуурхай ажиллах, байгууллага хоорондын уялдааг хангах, мэдээлэл солилцоход онцгой ач холбогдолтой тул уг цахим хурлыг цаашид тогтмол хийж хэвшүүлэх аж.
Энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор аймаг сумд ирэх оны төсвөө батлах учиртай. Өнөөдрийн уулзалтаар гишүүд ирэх оны төсөвтөө “Ковид-19”, өвөлжилтийн асуудлыг онцгой анхаарч, оновчтой хуваарилалтыг хийх тухай санал хэллээ.
Мөн Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн “Ковид-19” цар тахлын үед ажиллаж байгаа “Эрүүл мэндийн газар”, “Нэгдсэн эмнэлэг”, “Онцгой байдлын газар”, “Цагдаагийн газар”, “Мэргэжлийн хяналт”, “Зооноз” гэсэн зургаан байгууллагын албан хаагчдад сэтгэлийн дэм, эд материалын дэмжлэг үзүүлсэн байна.