Тус аймгийн Онцгой комиссын 41 дүгээр хурал болж таван асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал зудын эрсдэлийн үнэлгээгээр энэ өвөл Завхан аймгийн 13 сумын 23 баг эрсдэлтэй байж болзошгүй тул дээрх багуудын өвөлжилтийн нөхцөл байдлын нарийвчилсан зураглалыг гаргаж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх чиглэлийг өгсөн байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.
Энэ удаагийн Онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. 2020 оны 9-р сарын 10-ны өдөр Ховд аймагт болсон Улсын Онцгой комиссын дарга, гишүүд оролцсон Баруун бүсийн онцгой байдлын бүсчилсэн уулзалтын үеэр Завхан аймгаас 9 асуудал тавьсны гурав нь шийдэгдсэн тухай мэдээлэв. Тухайлбал Сантмаргаз сумын Засаг даргын Тамгын газрын автомашиныг шийдвэрлэж хүлээлгэн өгсөн. Цэцэн-Уул, Сантмаргаз сумын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн шинэ автомашин олгохоор болсон. Завхан аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн өвсний нөөц бүрдүүлэхэд зориулж 100 сая төгрөгийн эх үүсвэрийг тус тус шийдвэрлэж өглөө гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс өвс бэлтгэх ажлыг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Гэвч худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу тендер зарлавал 12 дугаар сард өвс бэлтгэх ажил эхэлнэ. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш цасан бүрхүүл тогтох, өвөлжилт хүндэрч болзошгүй. Өвс тэжээлийн олдоц багасах, үнэ нэмэгдэх зэрэг эрсдэл бий тул аймгийн Онцгой комиссоос өвс бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах замаар эрсдэл бүхий цэгүүдэд 11 дүгээр сарын 10-ны дотор өвсөө бэлтгэж байршуулах чиглэлийг хурлын үеэр холбогдох албаныханд өглөө.
Мөн Улсын Онцгой комиссын шийдвэрээр Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 11 дүгээр сарын 2-9-ний өдрүүдэд Завхан аймагт зохион байгуулна. Иймд 11 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд бэлтгэл ажлын төлөвлөгөө, 11 сарын 6-7-нд "Ковид-19" халдварын үеийн бэлэн байдлын сургалт, 11 дүгээр сарын 8-9-нд команд штабын сургалтууд болох юм. Иймд холбогдох бүрэлдэхүүн, оролцох хүмүүсийг бэлэн байлгах. Энэ үеэр бусад үйл ажиллагааг давхцуулан зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Мөн хурлаар гамшгаас хамгаалах команд штабын сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө, хуваарийг эцэслэн баталлаа гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.