Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.Бат-Эрдэнэ: Торгон нэхий брэнд бүтээгдэхүүн бий болгохыг хүсэж байна /Цуврал-1/



Дорноговь /МОНЦАМЭ/. Бат-Эрдэнэ амьдралын эрхээр Солонгостхэсэг хугацаанд ажиллаж нутагтаа ирээд олсон мөнгөөрөө бизнес хийхээр шинэ санаа хайж аймаг сумдаар уйгагүй явсан юм.


МҮХАҮТ-ын 60 жилийн ойн шилдэг

бүтээлийн уралдаанд зориулав


Хөдөөгийн буйдхан сум, тэнд байх хуучин барилга, ашиглаад хаясан төмрийн сэг гээд газар бүрээр явж хүнтэй уулзахдаа хогийн цэг, малчны хотонд, түүхий эдийн зах дээр үнэгүй шахам хаягдсан хонины арьсыгболовсруулан монгол хүний онцлогт тааруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа сэдэж ажлаа эхэлсэн байдаг.

Бизнес нь жигдэрч хөрөнгө мөнгөтэй болсон хэн ч ханцуй шамлан аваад хийчихэж зүрхлээгүй үслэг эдлэл боловсруулах бизнес түүний хувьд ямархуу хүндрэл бэрхшээл, амжилт ололт авчрахыг хэн ч таагаагүй биз ээ.

“Торгон нэхий” ХХК-ийг үүсгэн байгуулсан Н.Бат-Эрдэнэтэй уулзаж бизнесийн орчин, ололт амжилт, дүрэм журам, тулгарч буй бэрхшээл, цар тахлын үе дэх шинэ сорилт, цаашид төлөвлөж байгаа ажлынх нь талаар ярилцлаа.


-Хоёр жилийн өмнө тантай уулзаж шинэ бизнесийнх нь талаар сонирхон мэдээлэл бэлтгэж байсан. Дахин уулзаж байна. Энэ хугацаанд ямар ололт амжилт, саад бэрхшээлийг туулсан бэ?

-Тийм ээ, хоёр жилийн өмнө бид уулзаж байлаа. Ямар бизнес хийх тухай хөдөө хотгүй явж судалж л байсан. Найзтайгаа хамтарч банкнаас бизнесийн жижиг хэмжээний зээл авч, Хятадаас тоног төхөөрөмжөө оруулан үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн.

Компаниа байгуулсан цагаасаа хойш үслэг эдлэл боловсруулах технологийг маш сайн судаллаа. Уламжлалт болон үйлдвэрийн аргуудыг хэрэглэж зах зээлд гаргаж үзсэн.

Тун боломжийн бөгөөд нийт 10 төрлийн бүтээгдэхүүн буюу нэхий дээл, хурган дээл, лоовуузан малгай, төрөл бүрийн дэвсгэр, олбог, машин мотоцклын суудлын бүрээс, нэхий мишок, хүүхдийн өлгий, нэхий бээлий, мотоциклын өвдгөвч, ханцуйвч болон бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэлээ.

“Дорноговьд үйлдвэрлэв” нэртэй дэлгүүр ч байгуулсан. Том зүйлс рүү зориглож орсон учраас алдаж онохын аль нь  ч байлаа.Өнгөрсөн хугацаанд би бизнес хийх туршлагаа үнэтэй авчихав уу даа л гэж боддог.

-Бизнес хийх туршлагаа үнэтэй авсан гэж ярилаа. Ашиг орлого багатай ажилласан гэсэн үг үү?

-Арай өөр л дөө. Өнгөрсөн хугацааг  дүгнээд үзэхэд  хоёр зүйл дээр алджээ гэж бодох. Үнэхээр бизнес хийхээр зоригловол сэтгэл гаргаж чадах хүнтэй хамтрах хэрэгтэй.

Зорьсон ажлынхаа төлөө тууштай ажиллах чадвартай хүнтэй хамтрахгүй бол ойлголцлын асуудал их гардаг юм байна.

Хэдий найз нөхөд байсан ч биесээ ойлгохгүй бол бизнес хийхэд хэцүү. Хоёрдугаарт бизнес хийхээсээ өмнө тухайн бизнесийнхээ орчныг маш сайн судлах хэрэгтэй. Эхэлж яваад зам зуураа сурна гэвэл тэр туршлага ихээхэн үнээр олдож магадгүй.

Их цаг хугацаа, их мөнгө зарцуулсны дараа ингэдэг байж дээ гэж бодохгүйн тулд маш сайн судлах хэрэгтэй. Мэдээллийн эрин зуунд байгаа учраас аливаа зүйлийг сайн судлах, өөр газар орны технологийг очиж үзэх шаардлагатай.

-Дэлхий даяар тархсан коронавирусний нөлөөгөөр улсын эдийн засгийн боломж нөхцөл эрс муудлаа.Цар тахлын үед бизнесийнхэнд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл  юу вэ?

-Би ярилцлага өгөх хэмжээний байр суурьтай том бизнес эрхлэгч биш ээ. Учраа олох гэж мэрийж л явна. Мэдээж хорио цээрийн дэглэм тогтоогоод ирэхлээр зах зээл хумигдаж орлого эрс муудсан. Хөрөнгө оруулалт багаслаа. Улс орны ачааг бизнесийнхэн нуруун дээрээ л явч явдаг.

-Тухайн үед та найман хүнийг ажлын байраар хангаж байсан санагдана. Эдүгээ компанийн үйл ажиллагаа хэр тогтвортой байгаа бол?

-Энэ хугацаанд чамлахааргүй л борлуулалт хийсэн.Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад үндэслэж байгаа тул бага хэмжээгээр үйлдвэрлэл явуулсан.

Одоогоор ашиггүй, алдагдалтай ажиллаж байна. Энэ жилийн хувьд халдварт өвчинтэй холбогдуулж хорио цээрийн дэглэм тогтоосон тул үйл ажиллагаа бүрэн зогссон.

Нэгэнт хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа болохоор хүнд цалин өгч хүчээр ажлаа үргэлжлүүлэх боломж хомс тул түр хугацаанд завсарлаж дараагийн ажлаа үргэлжлүүлэх санаа сэдэл боловсруулж байна.


-Монголчууд гэлтгүй дэлхий нийт шинэ сорилттой тулгарч байна. Гэнэтийн энэ хүчин зүйлсээс бид ямар сургамж авсан бол?


Covid-19-ийн сургамж: Хэрэв ээ цар тахал удаан үргэлжилвэл хэнийг ч аваад явчих эрсдэл бидний дэргэд байна. Хажуудаа байгаа хүмүүсээ хайрла.

Томчууд бид өөрийн хүүхдээ хайрладаг шигээ бусдыг хайрладаг сэтгэлтэй байвал нийгэм сайхан болно.

Хэрвээ цар тахал удаан үргэлжилвэл хэнийг ч аваад явчих эрсдэл бидний дэргэд байна. 

Нөгөө нэг зүйл нь компани, аж ахуй нэгж тодорхой тактик боловсруулж санхүүгээ зөв удирдах ёстой гэдгийг санууллаа. Эрсдэлийн сан байгуулаад түүндээ ашгийнхаа 40-45 хувийг хуримтлуулж байх ёстой болох нь. Эрсдэлийн сангаа ашиглаад зээл авч болно.

Жишээ нь малын өвчин гарч арьс нэхий гэмтэлтэй боллоо гэхэд  би арьс ширний худалдан авалт дээр унаж таарна.Тийм учраас үйл ажиллагаа доголдлоо гэж үзэхэд эрсдэлийн сангаараа тогтворжуулаад явах боломж.

Нөгөө нэг зүйл нь гол бизнесээс гадна 1-2 салбарт хөрөнгө оруулах шаардлагатайг харж байна. Тухайлбал үйлчилгээний салбар. Үйлчилгээний салбар боловсруулах салбараас арай бага эрсдэл үүрч байна. Хүмүүс тогтмол хүнс хэрэглэнэ, тогтмол ахуйн бараа хэрэглэнэ.

Эдийн засаг яаж ч муудлаа гэхэд хүмүүсийн хэрэглээ тасрахгүй. Бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалаад авчихаж болно.

-Цаашид эдийн засаг, худалдаа арилжаа сэргэх боломж нөхцөл харагдаж байна уу?


Covid-19-ийн сургамж: Ганцаараа хэзээ ч бизнес хийж болохгүй. Итгэл даасан үнэнч хамтрагчтай байх. 

-Нөхцөл байдал хэвэндээ орох хүртэл тодорхой хугацаа шаардах биз. Халдварт өвчний дэгдэлт олон улсад ямар байхаас хамаарах байх аа.

Гэхдээ одооноос л хүмүүсээс ганц нэг хурган дээл, арьс ширний захиалга ирэх хандлага байна. Хүмүүс өмсөж зүүх, эдэлж хэрэглэх зүйлсээ хязгаарлаж зөвхөн хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараагаа авч байна.

-Шинэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож байна вэ?

Зардлаа танаж, банкнаас бус хувь хүн компанийн хөрөнгө оруулалт татаж цомхон багтай ажиллах нь илүү үр дүнтэй гэдгийг нөхцөл байдал харуулж байна. Заавал олон хүнийг ажиллуулж толгой гашилгаж суух хэрэггүй гэдгийг ойлгож байна.

Хамтрагчаа зөв сонгох чухал. Би материалаа бэлэн болгож өгнө, оёдолчид миний хүссэнээр оёно, үр дүнд нь мөнгөө авна. Ийм хамтын бизнес хэрэгтэй.

-Орон нутагт жижиг дунд үйлдвэрийг дэмжих хамгийн боломжтой гарц бол ЖДҮДС-гийн зээл. Та үүнд хамрагдаж байв уу?

-Манай компани хоёр жилийн хугацаанд ЖДҮ-ийн зээл хөөцөлдсөн ч авч чадаагүй. Шинэ бизнес эрхэлж байгаа хүмүүс хэзээ ч банкны шаардлага биелүүлж чадахгүй. ЖДҮДС-гийн зээлийг банкаар дамжуулж байх үед зээл авахын тулд өөрийн орон сууц, хамаатан садан, найз нөхдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалаад ч зээл авч чадаагүй.

Банкаар биш ЖДҮДС-аар олгох шийдвэр гарсан энэ жил материалаа өгөөд ч үр дүн гарсангүй. Аймгийн ХХААГ миний материалыг бүрэн гүйцэд хүлээж авах ёстой л доо. Гэтэл материал хүлээж авахдаа огт юу ч яриагүй, эргэж мэдэгдэхгүй байхаар нь би боллоо л гэж ойлгосон. Гэтэл дутуу материалтай байснаа гурван сарын дараа мэдэж байдаг.

Тэр тодорхойлолт дээр хоёр өөр үзэмжээр харьцаж байсан. Нэг хүн махны чиглэлээр төсөл ирүүлсэн, би нэхий боловсруулах чиглэлээр.

Хоёулаа л хэрэгтэй төсөл, бас материал дутуу байсан. Гэтэл нөгөө компанийн хүнтэй холбогдохдоо танай материал дутуу, гэхдээ боломж бий гэж хэлсэн байна лээ. Харин надтай уулзахдаа танайх бичиг баримт дутуу учраас хасагдсан гэж хэлсэн.

Зээлийн асуудлаар ЖДҮХС-гаас хоёр хүн Дорноговьд ирсэн.Тэдэнд орон нутагт хэрэгцээтэй үйлдвэрлэлийг дэмжих сэтгэл зүрх, ажилдаа хандаж байгаа хандлага байхгүй болохыг биеэрээ мэдэрсэн. Би гомдоод байгаа юм алга.

Гэхдээ ийм шударга бус байдал байгаа болохоор л бизнес хөгжихгүй байгаа юм. Төрөөс олгож байгаа зээлийг зохицуулж байгаа хүмүүс нь эвлэрээд худал хуурмаг явдал гаргаж суугааг харахад  л өөрийн эрхгүй эмзэглээд байна.

Уг нь ХААГ үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дотоод гадаадын зах зээл дээр гаргах, зуучлах ажлыг хийж байх ёстой. Гэтэл ямар ч идэвх санаачилга байхгүй.

Хөдөө аж ахуйн бодлого гээд нэг л олон урт хугацааны хөтөлбөр төлөвлөгөө ярьдаг. Гэтэл хэрэгжүүлдэггүй. Тэдгээр хөтөлбөр төлөвлөгөөний ихэнх нь хурал цуглаан байдаг. 

-Бизнес эрхлэх орчин нөхцөл ямархуу байна вэ?

Тааруухан гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. Нэг тусгай зөвшөөрөл авахын тулд хавтас дүүрэн ижил төрлийн хэдэн арван материал бүрдүүлэх шаардлагатай болдог.Нэг төрлийн материалыг хэдэн арав дахин бэлтгэнэ. Нөгөө цахим үйлчилгээ, төрийн чирэгдэлгүй үйлчилгээ, инновац нь хаана байна.

Надад нэг агуулгатай тавь жаран бичиг бий. Жишээ нь иргэний үнэмлэхтэй байхад багийн Засаг даргын тодорхойлолтоор яах юм бэ? Энэ хоёр нэг л зүйл юм. Аймгийн ХААГ-аас хоёр зүйлийн тодорхойлолт шаарддаг.

Энэ хүн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч мөн гэсэн нэг бичиг, нөгөө нь мал аж ахуйтай эсэх гэсэн бас нэг тодорхойлолт. Гэтэл би заавал мал аж ахуйтай байж тухайн төсөлд оролцох шаардлага гарч байна. Энэ бол логикийн хувьд алдаатай юм.

-Бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг ажил хариуцсан албан тушаалтнууд олж харахгүй байна уу?

-Бизнесийн салбарынхан олон зүйлийг ярих байх. Миний харж буйгаар засаглалын хямрал зах зээлийн эдийн засгийг боомилж байна.

Сарын цалингаас илүү орлогогүй гэх дарга нарын амьдрал нь сайжирч, унадаг машин томорч, эдэлдэг хангамж ихэсч байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийн татвараар хуримтлуулсан хэдэн төгрөг төрийн албаны хангамж, өндөр өртөгтэй барилга, худалдан авалт руу шингэж байна.

Гэтэл дарга нарын доор ажилладаг мэргэжилтнүүд, төрийн алба хаагчид мөн л тэднийг дуурайж хэзээ нэгэн цагтхурган дарга болж, цалин хангамж, эрх мэдэлд хүрэхийг хичээх болно. Төрийн албаны залгамж халаа ингэж бэлтгэгдэж байна.

Үүний цаана шударга бус явдал, хээл хахууль, авлига нуугдаж байгаа шүү дээ. Томоохон үзэсгэлэн худалдаа болоход бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй хэрнээ хүний хийсэн юмыг аваачиж зардаг хүмүүсийг дагуулж явдгаа болих хэрэгтэй.

Зарим нь бусдыг залилаад сураг алдардаг. Яг хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжих сэтгэл дутаж байна. Улаанбаатарын захын дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулъя гээд аваад очиход өөдөөс 30-35 хувийн шимтгэл нэхдэг.

Дээрээс нь өөр дэлгүүрүүдэд борлуулахгүй байх хатуу гэрээ тулгана. Цаг хугацаа зарцуулж, оюун ухаанаа шингээж хийж бүтээсний хамаг ашгаа худалдааны шимтгэлд өгчихөөд бид яаж бүтээгдэхүүнээ борлуулах вэ?

-Засгийн газар халдварт өвчний үед олон арга хэмжээ авч байгаа. Цаашид бизнесийн орчныг тэлэх, хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд  ямар ажил өрнүүлбэл зохилтой бол?

-Төр засаг бизнесийнхэнд олгодог хатуу дүрэм журам зөвшөөрлөө цуцлах хэрэгтэй. Мэргэжлийн хяналт, цагдаа, ХААГ, аймаг, сумын ЗДТГ-аас олгодог бичиг баримтыг багцлаад нэг цэгт төвлөрүүлээд цахимаар хүлээж авах боломжийг бүрдүүлэх.

Экспортод гаргадаг бүтээгдэхүүндээ тавьдаг хатуу дүрэм журмаа өөрчлөх. Өөрөөр хэлбэл хэн нэгэн гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүн гаргахаар боллоо гэхэд хэдэн арван бичиг баримт бүрдүүлж, хэдэн арван хяналт шалгалтаар орох шаардлага гардаг.

Энэ бүхний цаана хууль бус үйлдэл байгаа шүү дээ. Жишээ нь Солонгост очоод бизнесийн хүмүүстэй уулзаад бүтээгдэхүүн танилцуулаад экспортод гаргахаар хамтрагчтай тохиролцож чадвал тэр бүтээгдэхүүнийг улс хил гаалиараа нэвтрүүлэх боломжийг нээх хэрэгтэй.

Монгол Улс энэ байдлаараа байвал арван жилийн дараа, магадгүй хорин жилийн дараа олон улсын түвшинд хамгийн хоцрогдсон, авлигад идэгдсэн улс орон болж хувирна. Учир нь улс төрчид, том том дарга нарын араас залуу үе нь бэлтгэгдэж байна шүү дээ.   

-Бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлын нэг нь банкны зээлийн хүү. Зээлийн шалгуурыг давж чадаж байна уу?

-Банкнаас зээл авахын тулд зээл авах шаардлагагүй гэдгээ нотолж байж зээл авна. Өөрөөр хэлбэл банкны шалгуурыг давах хэмжээний эд хөрөнгийг барьцаанд тавина гэсэн үг. Шууд утгаар нь ойлговол  зээл авахаар хөөцөлдөж байгаа хүн их баян байх учиртай болох нь.

Тэдэн сарын дансны хуулга, орлого... эд хөрөнгө, бусад нотлох,  баримт.  Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахад жилийн хүү нь 27-29 хувь болж байх жишээтэй.

Мөн ХААН банк 120 сая төгрөгийн зээлд 280 орчим сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө барьцаалахаас гадна эргэлтийн хөрөнгө 70 гаруй сая төгрөгийг шаардаж байна. Хэрэв ээ эрсдэл гараад төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан хөрөнгийг хурааж авна.

Банкны систем ингэж л ажиллаж байна.Тиймээс банкинд найдахаас илүү хөгжихийг хүссэн хүн бүр хөрөнгө оруулалт татах нь хамгийн зөв гарц. Хамтын итгэлцэл дээр суурилж аль болох хөрөнгө оруулалт татаж чадвал банкнаас зээл авснаас илүү үр өгөөжтэй юм. Ганцаараа томрохоос илүү хамтдаа томорвол дээр шүү дээ.

-Одоогоор ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна?

-Үйл ажиллагаа зогссон ч гэсэн шинэ тоног төхөөрөмж суурилуулах, зах зээлийн орчныг тодорхойлох, захиалга авах, хүмүүсээ сургах ажил бий.Хөдөө аж ахуйн үндэсний хүрээлэнгээс лизингээр таван жилийн хугацаатай тоног төхөөрөмж авч байгаа.

Угаалт, сэгсрэлт, илдүүр, өнгөлгөө, халимлах зэрэг таван чиглэлийн тоног төхөөрөмж. Энэ жилийн хувьд санхүүгийн эрсдэлтэй байгаа болохоор бэлтгэл ажлаа хангаад ирэх жилээс үйлдвэрлэлийн түвшинд ажиллая гэсэн бодолтой.

Өмнө нь хийсэн зарим бүтээгдэхүүнээ зарж борлуулах ажил үргэлжилж байгаа. Ирэх жил борлуулалтын сувгаа Улаанбаатар болон бусад аймаг руу тэлэх бодолтой. Өнгөрсөн хугацаанд орон нутагтаа болон Улаанбаатарт л нэг цэгээр борлуулалт хийж байсан.

Том хөрөнгө оруулалт хийгээд явчихаар төслийнхөө хугацааны турш зардлаа нөхөх гэж их хугацаа шаарддаг. Хамгийн бага зардлаар яаж ашигтай бизнес хийх вэ гэдгийг судлах ёстой.

Манай компанийн хувьд энэ бизнесийг цаашид амжилттай авч явах итгэлтэй байгаа учраас орхихгүй үргэлжлүүлж байна.

-Нэхий боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компани ч манай улсад бий. Танай бүтээгдэхүүний онцлог нь юунд байна вэ?

Хүмүүст өөрийн санаагаа хэлэхээр “Дархан нэхий” ХХК-ийг яаж гүйцэх юм бэ? Наадах чинь том бизнес гэж хэлдэг. Заавал “Дархан нэхий”-г дуурайх албагүй. Бусдаас онцлог, давуу байж манай бүтээгдэхүүнийг хүн худалдаж авна.

Байгальд илүү ойрхон, хүний эрүүл мэндэд ээлтэй, үндэсний онцлогийг шингээсэн, уламжлалт нүүдлийн соёл ахуйг харуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсч байна.

Өөрөөр хэлбэл аливаа бүтээгдэхүүнийг стандарт бусаар хийх нь өнөөгийн нийгмийн, хүн ардын хэрэглээ болчихсон.Орчин үед хүмүүс ямар нэгэн хэмжээ, хэв маягт баригдахгүй болсон. Суудлын дэвсгэр заавал дугуй хэлбэртэй байх албагүй.

Машины суудлын бүрээс гэхэд заавал нэг хэв загвартай байх албагүй. Гурвалжин, дөрвөлжин, бөөрөнхий ч байж болно. Тиймээс технологийн хувьд материалын хувьд ялгаатай байна.

Нэхий үйлдвэрлэл уламжлалт соёлтой холбогдож байгаа учраас буцаад сэргэх боломжтой. Өнөөдөр Монголын түүхийг аваад үзэхэд л нэхий эдлэлтэй холбоогүй нэг ч ахуйн соёл, үйл явдал байхгүй.

Нэхий гэдэг зүйлийг би материал биш, соёлын агуулгаар нь ойлгож, үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэглэгчдийн гар дээр хүргэх мөрөөдөл байна. Өөрөөр хэлбэл "Торгон нэхий" брэнд бүтээгдэхүүн бий болгохыг хүсэж байна.

Нэхий боловсруулах бизнес хийж эхлэх үед надад ийм санаа орж ирээгүй. Явцын дунд монгол соёл, ахуйтайгаа холбох нь хамгийн зөв юм байна гэдэг санаа төрсөн. Нэхий боловсруулах технологийг дэлхийн олон оронд ашиглаж байгаа.

Маш гоё болгож зах зээлд гаргаж байна. Монголын нүүдэлч соёл дэлхий дахинаа дэлгэрээд ирэхлээр л миний санаж бодож байгаа зүйлс ажил хэрэг болно гэж боддог.


Үргэлжлэл бий.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ