Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг. Гэхдээ хөдөлмөр хийж өөрийгөө бүтээх үү, гар хумхиад, бэлэнчлэх үү гэдэг хүн хүний хүслээс үүднэ. Харааны бэрхшээлтэй ч хараатай хүмүүсийн энд таарч ажиллаж, амьдрах бүлэг хүмүүс хөгжилд түүчээлэх түмэн боломжийг хамтдаа эрэлхийлж байгааг бид энэ удаад сурвалжиллаа. Энэ бол Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийнхны шинэхэн үйлдвэрлэл болох “Мазаалай” ариун цэврийн цаасны үйлдвэр, түүний шат дамжлага байв. Хоёр давхар шар өнгийн байшинг том том, саглагар модод хучжээ.
Эдгээр гоёмсог модыг ч мөн хараагүй иргэд тарьж, ургуулсан юм байх даа хэмээн бодсоор зогстол, нүдний шилтэй, хижээл насны эр таягаараа газар баримжаалан алхаж, хажуугаар зөрөн өнгөрлөө. Хойно нь бяцхан охин мөн л эмээгээ сугадан алхаж, гэрэл цацруулан инээмсэглэн, ам хуурайгүй ярьсаар зөрөв. Тус байшингийн үүдээр орвол, том том дамартай цаасыг хана түшүүлэн тавьсан нь эдний хийдэг “Мазаалай”ариун цэврийн цаасны бэлдэц бололтой.
Сургалт үйлдвэрлэлийн төвийн хаалгаар оруут биднийг өөрийгөө н.Хүрэлцогт хэмээн танилцуулсан эр найрсгаар угтлаа. Тэр тус байгуулгад ажиллаад долоон намрыг үдэж байгаа аж. Техникч мэргэжилтэй, тэр энэ удаад “Мазаалай” ариун цэврийн цаасны үйлдвэрлэлийн шат дамжлага, бэлдэц, ажилчдын үйл ажиллагааны хуваарийн талаар танилцууллаа.
“Мазаалай”-г 4-8 ширхгээр нь ууталж,савладаг бөгөөд цаасны чанарын хувьд хүний биед харшил өгөхгүй, эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог гэсэн. Цаас нь дөрвөн давхар учраас нэг бүрийнх нь жин 140-145 граммтай.
“МАЗААЛАЙ” ИНГЭЖ БЭЛЭН БОЛДОГ
Үйлдвэрт хоёр машин байх агаад нэгэнд нь метр гаруй өргөнтэй, урт цаасыг дэлгэн тавьжээ. Эндээс зүсэлт хийгээд, савлахад бэлэн цаас бий болдог байх юм. Харин үйлдвэрийн хоёрдугаар давхарт савлагааны хэсэг бий бөгөөд биднийг ороход “Гадны хүний чимээ сонстох шиг, хүн орж ирэв үү”хэмээн ажилчдын нэг нь дэргэдэх хүнээсээ асуув. Үйлдвэрлэлийн энэ хэсэгт зүсэж бэлэн болсных нь дараа дамарт ороосон цаасыг гялгар уутаар хавтасладаг аж. Залуус тус бүрийн ажлаа хийж, хажуугаар нь бие биентэйгээ халуун яриа өрнүүлэн байна.
Тус үйлдвэрт 100 орчим хүн ажилладаг бөгөөд тэдний 70 хувь нь харааны бэрхшээлтэй гэнэ. Тэдний 20 гаруй нь “Мазаалай”-г бойжуулах гол ажлыг нугалах юм. Тодруулбал, үйлдвэрлэлийн дамжлагад дөрвөн хүн, савлах цехэд 17 хүн ажиллаж байлаа. Тус үйлдвэрийн хүчин чадлын тухайд, сард 350 мянган ширхэг ариун цэврийн цаас үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой гэв. Гэхдээ одоогийн байдлаар хүчин чадлынхаа 10 хувьд л ийнхүү ажиллаж байгаа аж. Учир нь, борлуулалтын зах зээл тааруу байна гэцгээж байлаа.
Энэ хүмүүс нэг гэр бүлээс өөрцгүй болж, олон жилийг хамтдаа ардаа үджээ. Тиймээс л бие биенийхээ ар гэр, ахуй амьдрал, жаргал, зовлонг хамтдаа туулдаг гэнэ. Тун ч жаргалтай өмнөх ажлаа хийж байгаа тэдний нэг Н.Тогтохбаатартай цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Миний ажил амьдралын гараа эндээс л эхэлсэн. Анхны гэсэн бүхнийг минь дагуулсан сайхан газар. Энэ хэцүү цагт ажилтай байна гэдэг сайхан шүү дээ. Би гурван хүүхэдтэй. Эхнэр маань одоохондоо ажилгүй, хүүхдүүдээ хараад гэртээ суудаг. Миний хувьд авсан цалингаа гэр бүлдээ зориулдаг.
Тэднийхээ төлөө хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртээд явах шиг сайхан зүйл хаана байх вэ” хэмээн урамтай ярих юм. Тэрбээр үйлдвэртээ зургаа дахь жилдээ ажиллаж байгаа гэлээ. Уугуул нутаг Говь-Алтай аймгийн Цогт сумандаа амьдарч байгаад ийнхүү нийслэлийг зорьж, өнөөгийн ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа гэсэн юм.
АЖИЛТНУУДЫНХАА НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ НЬ ХАМГИЙН ЭХНИЙ ЗОРИЛТ
Тус үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс ажлынхаа хажууханд сүндэрлэх 90 айлын орон сууцанд амьдардаг гэнэ. Үйлдвэрийн ажилчдаас гадна Монголын хараагүйчүүдийн холбооны гишүүн, хараагүйчүүд төвхнөсөн аж. Тус хотхонд нийт 106 айл амьдардаг бөгөөд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, залуу гэр бүл болон ганц бие залуусаа бодлогоор дэмжих, орон байрны хүртээмжийг сайжруулах нэн шаардлагатайг дайж байв. Үйлдвэржилт бас дахин үйлдвэржилт хэрэгтэй байгаа энэ цагт харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх, орлоготой байх нөхцөл боломжийг нээж байгаа нь сайн ч бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах, эрэлтийг нэмэгдүүлэх, үнэлгээг тогтворжуулах бодлого хэрэгтэйг ярих нь зайлшгүй билээ.
Тиймээс өөрөө өөрсдийнхөө амьдрах чадамжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжээ сайжруулахад анхаарч байгаа тэдний “Мазаалай” брэндийг нийгэмд таниулах, томоохон аж ахуйн нэгж, компани өөрийн хэрэгцээг эндээс хангах бүрэн боломжтойг харуулахыг зорилоо. Нэг ч гэсэн монгол хүний гараар бүтсэн, хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн Монголын зах зээлд хүч түрвэл, түүн шиг зол баяр үгүй билээ. Тиймээс “Мазаалай” брэндийг хөгжүүлэхэд ямар саад бэрхшээл буй, дөнгөж хөл дээрээ тогтохоор мачийж буй үйлдвэрлэлийг бойжуулахад хэрхэн анхаарч байгаа асуудлаар “Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын төв”-ийн захирал З.Болдсайхантай хөөрөлдлөө.
Үнэхээр эерэг хандлагатай эдгээр хүмүүсийн эхлүүлсэн ажлыг цааш илүү хөгжихөд улсаас дэмжлэг үзүүлээсэй гэж хүсье. Алив бүхнийг тодорхой, сайн харахгүй ч мэдрэмж, сэтгэлийн хүчээр “Мазаалай”-г бойжуулагсдад бүтээгдэхүүн борлуулалтын зах зээл хэрэгтэй байна.
Тэрбээр энэ байгууллагатайгаа хүсэл, мөрөөдөл, хөдөлмөр зүтгэлээ холбоод 12 жил болж байгаагаа хэллээ. “Мазаалай” ариун цэврийн цаасны хувьд зах зээлд шинэ брэнд бий болгох гэж зүтгэж буй учраас одоогоор иргэдэд бүтээгдэхүүнээ таниулах ажил хийж буй гэв. Шинэ тутам үйлдвэрлэл учраас борлуулалт бага байгааг онцоллоо. Энэ тухайгаа тэрбээр “Бид төрийн байгууллага, Засгийн газрын шууд удирдлагад ажилладаг хэд хэдэн яам, агентлаг бүхий газар, нэгжтэй хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Эергээр шийднэ гэж найдаж байгаа.
Зах зээлд борлуулдаг байгууллагуудад ширхэг тутмыг нь 750 төгрөгөөр, жижиглэнгээр бол бүх урсгал зардлаа нэмээд,1000 орчим төгрөгөөр худалдаалж байгаа. Дээрх үнэ дээр хэдэн төгрөг нэмж цааш эцсийн хэрэглэгчийн гарт хүргэх нь ченжүүдийн хэрэг. Бид ариун цэврийн цаасны түүхий эдийг хятадаас авч байгаа. Хөл хорионы улмаас түүхий эд саатах эрсдэл гарч байна.
Цаашдаа дотоодоосоо түүхий эдээ авах бодолтой, тооцоо, судалгаа хийж байна. Урд хөршийн тухайд, ямар ч бүтээгдэхүүн, түүхий эдийг хэдэн саяар нь үйлдвэрлэдэг учраас нэгж бүтээгдэхүүнд буух өртөг нь бага байгаа юм. Манай улсын тухайд, харьцангуй жижиг зах зээлтэй учир түүхий эдийн үнэ өндөр. Тиймээс бид аргагүй эрхэнд түүхий эдээ урдаас авдаг. Үүнд гааль, худалдаа янз бүрийн асуудал нөлөөлдөг. Тэгэхээр дотоодын, дөнгөж л бойжиж байгаа үйлдвэрүүдээ дэмжихийн тулд дотоодын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнэ ханшийг зөрүүгүй болгоход анхаарч чадвал урагшаа тодорхой тооны валют урсахгүй. Мөн бусад үйлдвэрүүдтэй харьцуулахад манай үйлдвэрийн гол зорилго бол ашгийн төлөө байгууллага биш гэдгээрээ онцлог.
Хараагүй хүмүүсийг ажлын байраар хангах, тэдэнд тохирсон ажлын байрыг олох, тэр хүмүүсийг мэргэжил дадлагад сургаж, хөдөлмөрийн чадвартай болгоход бидний үйлдвэрлэлийн зорилго оршдог. Хэдийгээр ашгийн төлөө бус байгууллага ч гэлээ бизнес гэсэн утгаараа зохих хэмжээгээр ашигтай ажиллаж байж үйлдвэр маань хөл дээрээ зогсох юм” гэв.
Үнэхээр эерэг хандлагатай эдгээр хүмүүсийн эхлүүлсэн ажлыг цааш илүү хөгжихөд улсаас дэмжлэг үзүүлээсэй гэж хүсье. Алив бүхнийг тодорхой, сайн харахгүй ч мэдрэмж, сэтгэлийн хүчээр “Мазаалай”-г бойжуулагсдад бүтээгдэхүүн борлуулалтын зах зээл хэрэгтэй байна.
Олон хүнийг ажилтай, орлоготой байлгах хөшүүрэг болсон уг чухал үйлдвэр1964 онд байгуулагджээ. Тухайн үед элсэн чихэр, гурил будаа савладаг байсан бор уутнаас эхлээд, гялгар уут, товч, хуванцар зэрэг зүйлс үйлдвэрлэдэг байж. Ингээд 1990 оноос хойш үйлдвэр хүнд байдалд орж,нөхцөл байдал, статус, үйлдвэрлэлийн орчин ч өөрчлөгджээ.
“Мазаалай” ариун цэврийн цаасны үйлдвэрээс гадна өдгөө мужаан, оёдол, монгол гэр үйлдвэрлэл, хогийн шүүр, цаасан уут, аяллын хувцас, даавуун торон уут, бичиг хэргийн дугтуй зэргийн үйлдвэрлэл явагдаж, өөрийн гэсэн хэрэглэгч, захиалагчтай болжээ. Биднийг “Мазаалай” ариун цэврийн цаасны үйлдвэрлэлтэй танилцах явцад төрийн байгууллага, яамдаас бичиг хэргийн дугтуйн захиалга ирсээр байв. “Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн захиалга буурч байна уу” гэсэн асуултад З.Болдсайхан захирал “Сүүлийн үед монгол гэрийн борлуулалт буурсан. Учир нь, хотод монгол гэрийн хэрэгцээ багассантай холбоотой. Өмнө нь УИХ-ын гишүүд тойрог, дүүргийн орон гэргүй иргэдэд өгөх зорилгоор гэр худалдаж авдаг байсан ч төсвийн худалдан авалт буурч, гэр худалдаж авах хүн цөөрсөн.
Бид “Халамжаас хөдөлмөр рүү” уриатайгаар ажилладаг. Хоногт 320 мянган ширхэг ариун цэврийн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай ч борлуулалтад НӨАТ төлдөггүй гэх шалтгаанаар томоохон супермаркетүүд худалдан авалт хийх боломжгүй гэдэг тайлбар өгч байгаа. Үйлдвэрийн санхүүжилтээс улбаалан бид ажилчдадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгодог.
Хэрвээ үйлдвэрийг маань улсын төсөвт үйлдвэрийн газар болгочихвол орлогынхоо 70 хувийг улсад тушааж, үлдсэн 30 хувиар нь үйлдвэрийн ажилтнуудын цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ” хэмээсэн юм. Энэ тухай тодруулахад “Манайх аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар. Цаашид энэ маягаар ажиллах боломж ер нь л хомс. Тиймээс улсын төсөвт үйлдвэрийн газар болох хүсэлтийг хүргүүлсэн ч Сангийн яам дээр энэ асуудал гацсан.
Төсвөө нэг тэрбум төгрөгөөр тооцож, хүргүүлсэн. Бид МСҮТ-ийнхөө үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ жил бид улсаас 400 сая төгрөг авч байгаа. Энэ нь үйл ажиллагааны зардал болоод, ажилтнуудын цалинд зарцуулагдана. Бидний гол найдвар бол Ариун цэврийн цаасны үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, борлуулалтыг нэмэгдүүлэх байгаа юм” гэлээ. Харааны бэрхшээлтэй хэмээн өөрийгөө хөдөлмөрийн зах зээлээс хасаагүй энэ иргэдийн ажлын байрыг цаашид ч найдвартай хадгалахын тулд тэдний хүсээд байгаа төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байгааг салбарын яамдаас эхлээд асуудлыг нь харьяалах газар, нэгжүүд анхаарна биз ээ.
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН