"Энэ жилийн цагаан сарын баяраар монголчууд олон хоног амрахгүй. Хөдөлмөрийн хууль, нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт орсны дараа олон хоног амрах хууль хэрэгжиж эхэлнэ" гэж Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлж байна.
Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагаан сар, наадмаар нийтээр амрах өдрийн зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн. Манай улс нийтдээ есөн баяраар 16 өдөр амардаг зохицуулалттай байна. Шинийн 1,2,3-ны өдрүүдэд амардаг. Үндэсний баяр наадмаар долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд амардаг зохицуулалттай.
Иргэдээс олон санал гарч байна. Шинийн 1,2,3, наадмын амралтын өдрүүд хагас бүтэнсайн өдрүүд таарсан тохиолдолд тэр өдрүүдийг нь нөхөж олгодог болъё гэж байгаа. Энэ зохицуулалтуудыг хийгээд нэмж гаргасан гэсэн үүрэг чиглэл авсан. Засгийн газрын тогтоол өнөөдөр гараагүй. Энэ жил цагаан сараар тав хоног амарна гэж ойлгож болохгүй. Хөдөлмөрийн хууль, нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт орно. Засгийн газар зөвшөөрөл өгсний дараа өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн барина. УИХ баталсны дараа энэ хууль хэрэгжиж эхэлнэ. Хаврын чуулганаар баталсны дараа наадмаар энэ зохицуулалт хэрэгжиж эхэлнэ гэж ойлгож болно гэв.