Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Арабика кофений биржийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдыг нутаг буцаахтай холбоотой асуудлаас болж Колумб улсад татвар ногдуулах асуудал тавьсны дараагаас дэлхийн зах зээл дээр арабика кофений үнэ ханш эрчтэй өсжээ. АНУ-аас албадан нутаг буцаагдах цагаачдыг суулгасан хоёр онгоцыг хүлээж авахаас татгалзсантай нь холбогдуулж Дональд Трамп кофений гурав дахь том нийлүүлэгч улс Колумбийн бараанд 25 хувийн татвар ногдуулж, хориг тогтоох талаар судлахыг  өөрийн засаг захиргаанд даалгасны дараагаас үнэ өсжээ.

Үүнээс болж ирэх 3-р сард нийлүүлэгдэх арабика сортын кофений үрийн үнэ 2,3 хувиар нэмэгдэж, оргил үедээ кг тутам нь 7,85 ам.долларт хүрсэн байна. Гэвч Колумбын талаас Трампын бүх шаардлагыг зөвшөөрч буулт хийснээр дээр яригдсан бүх арга хэмжээг түдгэлзүүлэхээр болсон гэдэг байр суурийг Цагаан ордон дараахан нь мэдэгдсэн байна. Кофений үнэ сүүлийн нэг жил гарны туршид өсөж, өнгөрсөн онд гэхэд бараг 70 хувь, энэ 2025 он гарсаар нэмээд 11 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм. Кофений хамгийн том ханган нийлүүлэгч Бразил улсад ган гачиг болсны улмаас зах зээлд дутагдал үүсэх болгоомжлолоос үүдэж үнэ ханш ийнхүү өсөлттэй байсаар байна. Өнгөрсөн 2024 оны 5-8-р сарын хооронд дэлхийн ХАА гол томоохон хэд хэдэн улс бүс нутаг 1981 оноос хойш үзэгдээгүй онцгой хуурайшилт, ган гачигт нэрвэгдсэн. Үүнээс үүдэлтэйгээр ирэх улиралд ч бас Бразилд арабика сортын кофений ургац бага гарах төлөвтэй байгаа юм. Дээрээс нь кофений бас нэг томоохон нийлүүлэгч улс Вьетнамын тариалангийн гол бүс нутгийн нэг нь кофений мод ид ургаж нахиалах цагаар ган гачигт өртөж, ургац хураалт эхлэх үеэр асар хүчтэй бороо хур орсон зэргээс үүдэж  Вьетнамаас кофений үрийн нийлүүлэлт ч асуудал дагуулж байгаа.

Даваа гарагийн байдлаар Лондонгийн бараа түүхий эдийн бирж дээр робуста сортын кофений 3 сард нийлүүлэгдэх захиалга худалдааны үнэ мөн 1,8 хувиар өсөж тонн нь 5606 ам.долларын дээд үнэд хүрч өссөн. Харин найруулдаг кофе зэрэгт ашиглагддаг илүү хямд сортынх ч бас өнгөрөгч онд 70 гаруй хувиар огцом өссөн бол, энэ он гарсаар 15 орчим хувиар өссөн дүнтэй байгаа аж. Арабика кофений биржийн үнэ бараг сүүлийн 50 жилийн дээд үзүүлэлтэд хүрч өссөн байна. Бразил, Вьетнамд ургац тааруу байсантай холбоотойгоор  2024-2025 оны улиралд дэлхийн кофений нөөц 25 жилийн доод хэмжээнд хүрч буурах төлөвийг АНУ-ын ХААЯ мөн гаргаад байна.

Энд дурдахад, дэлхийн 40 шахам улсад кофе тариалдаг. Гэвч дэлхийн нийт үйлдвэрлэлийн талаас илүү хувийг Бразил, Вьетнам гэсэн хоёрхон улс нийлүүлдэг. АНУ-ын ХААЯ-ны мэдээгээр, Колумб улс дэлхийд гуравт ордог үйлдвэрлэгч, арабика төрлийн кофений хоёр дахь том нийлүүлэгч нь байдаг.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ