Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Cургууль барих шаардлагагүй гэж үү Сангийн сайдаа!


Бид өнгөрсөн долоо хоногт “Зууны мэдээ”-ний ээлжит эрэн сурвалжилгаараа “Түмний хүүхдийн эрх “түрээсийн сургууль”-д зөрчигдөж байна” нийтлэлээрээ стандартын шаардлага хангахгүй түрээсийн байранд хичээллэж буй 16 дугаар сургуулийн асуудлыг хөндсөн.
Манай нийтлэлийн дараа Боловсролын Сайд П.Наранбаяр байр сууриа илэрхийлж энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхэд анхаарна, цаашлаад шинээр 16 сургууль барих саналаа Сангийн яаманд хүргүүлж шийдвэрлүүлэхээр ажиллахаа мэдэгдсэн билээ.
2024-2025 оны хичээлийн жил нийслэлийн хэмжээнд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй 30 сургууль буюу 493 бүлгийн 17575 хүүхэд суралцаж байна. Түрээсийн байрны зардалд улсын төсвөөс 8.7 тэрбум төгрөг зарцуулжээ.  Хамгийн гол нь түрээсийн байр хүүхэд суралцахад эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан стандартад нийцсэн байх ёстой. Гэвч түрээслэх байр хүрэлцээгүй, стандартад нийцэх байр олдохгүй зовлонтойг өмнөх нийтлэлд дурдсан. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын санхүүгийн ахлах мэргэжилтэн Э.Буянжаргал “Ерөнхий боловсролын сургуульд тавьдаг шаардлагыг түрээсийн байранд тавих юм бол стандартын шаардлага хангах нэг ч газар байхгүй. Учир нь сургуулийн орчноор тохижуулсан байр байхгүй. Мөн бидний түрээсийн үнэ м.кв нь дунджаар 45 мянган төгрөг байдаг. Энэ нь ашиглалтын болон засварын зардал багтсан үнэ. Ийм үнэтэй учир түрээслэгчид байраа хүүхдүүд сурч болохоор болгож л засаж өгдөг гэсэн үг” гэсэн юм.
Тиймээс удаашраад байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудыг яаралтай ашиглалтад оруулах, цаашлаад сургууль цэцэрлэггүй хороодод шинэ сургууль барих зайлшгүй шаардлагатай байна.
Гэвч Сангийн яамнаас ирэх оны төсвийг танилцуулахдаа, 2025 онд нэг ч сургууль, цэцэрлэг шинээр барихгүй. Зөвхөн хуучин төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр, шинээр сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөөгүй. Харин өмнө нь эхэлсэн төслүүдийг хурдан дуусгах зарчим баримталж, энэ хүрээнд үлдэгдэл санхүүжилтийг тусгасан. Одоо үргэлжилж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын төслүүд ашиглалтад орвол нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай болно” гэсэн юм.
Хэрэв Сангийн сайдын ярьсан үнэн бол ирэх жил царцсан сургууль, цэцэрлэгийн 152 төслийг үргэлжлүүлэхээр байна. Ингэснээр түрээсийн байранд хичээллэж буй сургуулиудын асуудал шийдэгдэнэ гэхэд эргэлзээтэй.
Учир нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг стандартын дагуу хичээллүүлэхэд 241 сургууль шинээр барих шаардлагатай гэсэн статистик байна. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Энэ жилийн төсөвт олон жил дамнуулсан 152 төслийг дуусгах зорилт тавьсан. Гэвч Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч гурван ээлжид хичээллэх нөхцөлтэй байна. Тиймээс ирэх дөрвөн жилд 23.050 орны хүчин чадал бүхий 12 цэцэрлэг, 131.812 хүүхдийн суудал бүхий 241 сургуулийн барилга ашиглалтад орох шаардлагатай байна. Үгүй бол хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, асуудал даамжрахаар байна.
2024 онд Боловсролын яаманд 710 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2025 онд 506 тэрбум болон буурч байна. Энэ нь хүүхдийн эсрэг төрөөс хийж буй гэмт үйлдэл шүү дээ.
Тэгэхэд манайхтай ижил Казахстанд жилдээ 240 сургууль барьж, асуудлаа нэг мөсөн шийдэж байна. Тиймээс үе шаттайгаар дээрх асуудлыг шийдэж өгөхийг санал болгож байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд 14 мега төсөлд хөрөнгө оруулахаа зарласан тул шинээр сургууль, цэцэрлэг барих төсөв тусгагдаагүй. Гэсэн ч бид ирэх онд 16 сургууль шинээр барихаар Сангийн яаманд саналаа хүргүүлсэн. Одоо УИХ-ын ээлжит чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Төсөв хэлэлцээд дуусмагц шинэ сургууль барих эсэх асуудал шийдэгдэнэ. 2025 онд ашиглалтад орох барилга, байгууламжийн ажлуудаа дуусгана. Энэ ажил зогсохгүй цаг алдалгүй үргэлжлээд явна” гэсэн юм. 
Дээрх 16 сургуулийг аль дүүрэгт яаж барихаар төлөвлөж, Сангийн яаманд санал хүргүүлээд байгаа тухай Нийслэлийн боловсролын газрын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэцэгээс тодруулахад “Зөвхөн санал хүргүүлсэн байгаа. Одоо төсөв хэлэлцэж байгаа учир энэ талаар одоохондоо яриа өгөх боломжгүй” гэлээ.
 

ҮЕ ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН САЙД НАРЫН “ПОПРОХ” СЭДЭВ БОЛЖ ҮЛДЭХ ВИЙ

 
Боловсролд хөрөнгө оруулах нь хүнд зориулж буй хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт байдаг. Тэр ч утгаараа одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг хална. Цаашид нийслэлийн сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй. Энэ орчныг бид бий болгоно гэж амлалт өгч байлаа. Энэ амлалтдаа хүрэхийн тулд 30 сургуулийг түрээсийн байранд хичээллүүлэх болсон. Түрээсийн байр нь ч хүүхдүүдийн сурах эрх, эрүүл мэндэд халдаж асуудал үүсгэх болсон. Харин 36 сургууль гурван ээлжээр хичээллэж байна.
Яаралтай шинэ сургууль барих асуудлыг шийдэхгүй бол ирэх жилүүдэд түрээсийн байранд хичээллэх сургуулиудын тоо нэмэгдэнэ. Энэ талаар 16 дугаар сургуулийн захирал Ш.Лхагваа “Манай сургууль 920 хүүхдийн хүчин чадалтай. Гэвч өнөөдрийн байдлаар 2800 гаруй хүүхэд суралцаж байна. Эргэн тойронд шинэ орон сууцууд олноор баригдаж байгаа учраас сурагчдын тоо цаашид нэмэгдэнэ. Тиймээс хороолол барьж байгаа барилгын компаниудаас сургууль, цэцэрлэг хамт барьдаг байхыг шаардмаар байна. Шинэ орон сууцуудыг улсын комисс хүлээж авахдаа сургууль, цэцэрлэгийг давхар шийддэг болгох хэрэгтэй. Үгүй бол хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөл, багш ажилчдын ажлын ачаалал зэрэг олон асуудал бий болж байна. Сүүлдээ ачаалал ихтэйгээс үүдэж ажиллах хүн олдохгүй байна шүү дээ” гэсэн юм.
 

ИРЭХ ЖИЛ ТҮРЭЭСИЙН БАЙРНЫ ЭРЭЛД ГАРАХГҮЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ШИЙДЬЕ

 
Алтай хотхон 16 мянган оршин суугчтай. Гэтэл улсын сургууль, цэцэрлэггүй 14 жил болж буй. Анх 2008 онд ашиглалтад орсон тус хотхон улсын сургууль цэцэрлэгтэйгээр зураг төсөлд тусгагдсан ч энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй нь оршин суугчдад хамгийн том хүндрэл дагуулж байсан юм. Өнгөрсөн 2022 онд тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Х.Ганхуяг 300 ортой 309 дүгээр цэцэрлэгийг улсад авч, мөн өргөтгөлийн асуудлыг давхар шийдсэн. Үүнээс гадна өнгөрсөн жил бага сургуулийн асуудлыг түрээсийн журмаар шийдвэрлэж 141 дүгээр сургуулийн Коёо таунд байрлах салбарыг нээснээр Алтай хотхон, Хос өргөө, Коёо таун зэрэг ойр орчмын хотхоны хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулсан. Тус хотхоныг барьсан “Тайгам Алтай ХХК” сургуулийн зориулалттай газар зочид буудал барих гэж байсныг оршин суугчид эсэргүүцэн нийслэлийн удирдлага, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснээр өөрчилж чадсан. Ингэснээр Алтай хотхонд 8000 м2 талбайг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар нийслэл аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн шилжүүлэн авсан байна. Энэ газарт сургууль, цэцэрлэгийн барилгыг эхлүүлнэ хэмээн Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн жил мэдэгдсэн. 
Нийслэл хотод томоохон хотхон, хороолол, орон сууц барих ашиглалтад оруулах үйл явцыг хуульчлах шаардлагатай. Эхлээд ногоон байгууламж, хүүхдийн талбай, явган зам болон авто зогсоол, сургууль, цэцэрлэг, ус зайлуулах шугам зэргийг шийдсэн барилгыг бариулдаг болгох ёстой.
Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд асан Б.Энх-Амгалан өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг ахалж, Монгол Улсын Засгийн газрын 212 дугаар тогтоол буюу “Барилга байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрмийн дагуу заавал тусгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах тухай тогтоол”-ыг батлуулсан.
Тогтоолын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэн журмын төслийг найман зүйлтэйгээр боловсруулсан байна.
Шинэ журамд архитектур төлөвлөлтийн даалгавар олгохоос эхлээд барилга ашиглалтад оруулах хүртэлх үйл ажиллагааг нарийвчлан зааж тусгасан бөгөөд Газрын тухай болон бусад хуульд багтсан заалтуудыг хассан.
Түүнчлэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолд, хориглох зүйл, хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн байна. Зөвлөлийн гишүүд журмыг төслийг хэлэлцэж, гаргасан санал, зөвлөмжийг тусган НИТХ-аар хэлэлцүүлжээ. Ингэхдээ зөвхөн сургууль, цэцэрлэгийн төлөвлөлттэй орон сууцны хороолол, хотхон, цогцолбор барих компани, аж ахуй нэгжүүдэд газар олголт, барилгын тусгай зөвшөөрөл олгохоор болсон байна.
Энэ захирамж хэрэгжиж эхэлснээр шинээр баригдах орон сууцны хороолол, хотхон бүрд сургууль, цэцэрлэг төлөвлөгдөж, төлөвлөлтийн дагуу баригдаж чадвал өнөөдрийн сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал шийдэгдэнэ.
Энэ мэт олон асуудал нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах эрхийг боомилж байхад сургууль барих шаардлагагүй гэж үү. Үндсэн хуульдаа эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй хэмээн заасан байдаг. Тэгвэл өнөөдөр түрээсийн байранд болон гурван ээлжээр хичээллэж буй сурагчдын Үндсэн хуулиар заасан эрхийг эдлүүлэхийн тулд илүү олон сургууль яаралтай барих шаардлагатай байна. Тиймээс ирэх оны төсөвт сургууль, цэцэрлэг барих төсвийг суулгаж өгнө үү, Сангийн сайд аа!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ