Нийслэлийн Замын хөгжлийн газраас Энхтайваны гүүрнээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн Баасан гаригийн 23:00 цагаас хааж авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр албаныхан дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Хугацаа ёсоор дээрх авто замыг аравдугаар сарын 21-ний өглөө 06:00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон. Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ" гэсэн бол “Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх "Бид энэ Бямба гаригт хучилтын ажлаа эхлүүлсэн. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж хэсэг замд долгион үүссэн.
Энэ аравдугаар сард цаг агаар дулаан хучилт хийх боломжтой байвал бид авто замыг засварлах бүрэн боломжтой.
Хэрэв цаг агаар хасах градусд орвол технологи алдагдах учраас бид хучилт хийх боломжгүй" гэсэн тайлбар өглөө.
Харин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологын горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжүүлье" гэсэн санал гаргалаа.