Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан гэдэг мэдээлэл өчигдөр /2024.10.17/ цахим орчинд цацагдсан билээ.
Тус албыг Н.Одончимэг хашиж байгаа юм.
Тэгвэл түүнийг саатуулах ажиллагаа явагдсан эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Авлигын асуудлаар саатуулах ажиллагаа явагдсан нь үнэн” гэдэг хариулт өглөө.
Н.Одончимэг нь одоогийн албан тушаалаасаа өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргаар 2017 оноос 2024 он хүртэл ажиллаж байжээ.
Улс төрийн зураглалаар нь хөөж харвал АН Сүхбаатар дүүрэг дээр олон жилийн турш ялалт байгуулж, засаглаж ирсэн. Энэ жилийн ИТХ-ын сонгуульд ч мөн АН суудлаа батжуулав. Гэхдээ Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Одончимэг нь УИХ-ын гишүүн асан МАН-ын Ц.Мөнх-Оргилын хүн гэх яриа явдаг.
Улмаар энэ оны 7 дугаар сард буюу Орон нутгийн сонгуулийн өмнөхөн МАН горьдлогоо таслахгүйн тулд түүнийг ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо ЗГХЭГ-ын дарга Н.Учралд халуун чихийг нь атгуулсан гэгддэг. Уг нь өмнөх засаг дарга Х.Болормаагийн үеэс Худалдан авах ажиллагааны газрын дарга хийж ирсэн хүн аж. Нөгөө талд СБД-ийн одоогийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч М.Алтангэрэл ажлаа өгөхөөсөө өмнө түүнийг тонгоров уу гэсэн сэм яриа ч гараад амжив.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын нээлттэй мэдээллээс харвал СБД дээр цэцэрлэгийн өргөтгөл, дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга, камерын хяналтын төвийн барилга, 248-р цэцэрлэгийн өргөтгөл гэсэн хэд хэдэн томоохон тендерт “Ванхүү” гэх компани хэд хэдэн удаа шалгарч, захиалагчаар нь Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба ажилласан нь ихэд анхаарал татна.
Өнгөрсөн 9 дүгээр сарын 24-ний өдөр уг компанийн барьж, ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн Сэлбэ нэгдсэн эмнэлгийн барилгын нээлтэд УИХ-ын гишүүн Х.Болормаа, Сүхбаатар дүүргийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг нар гурвуул оролцож байсан удаатай.
Өөрөөр хэлбэл Н.Одончимэгийг СБД-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга байх үеэс болон хамгийн сүүлд гэхэд энэ оны 8 дугаар сарын 15-нд цэцэрлэгийн өргөтгөл барилгын тендерт тус компани шалгарсан байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
https://eguur.mn/540134/