ИБУИНВУ-ын гүнж Кейт Мидлтон энэ жилийн нэгдүгээр сард хэвлийн хагалгаанд орж, хоёр сарын дараа буюу гуравдугаар сард хорт хавдар туссан тухайгаа олон нийтэд зарлаж байсан юм. Түүнийг хорт хавдар туссанаа олон нийтэд мэдээлэхээс нэг сарын өмнө буюу хоёрдугаар сард Кэтриний хадам аав Их БРитанийн хаан гуравдугаар Чарльз мөн хорт хавдар туссан гэдгээ мэдээлээд байсан билээ. Өнгөрсөн хагас жил буюу зургаан сарын хугацаанд химийн эмчилгээ хийлгэсэн Кэтрин эмчилгээгээ дуусгасан гэдгээ мэдэгдэж, видео бичлэг цацсан байна. Химийн эмчилгээ хийлгэж байх хугацаандаа энэ жилийн зургаа болон долooдугаар саруудад тус тус хоёр удаа л тэрээр олон нийтийн өмнө гарсан юм. Уэльсийн гүн, угсаа залгамжлах хунтайж Уильям болон ханхүү Луйс, Жорж, гүнж Шарлотт гурван хүүхдийнхээ хамт Кейт намрын өнгө орсон ойд зугаалж, далайн эрэгт элсэн дээр тоглож байгаа бичлэгээ цацсан байна. Уг бичлэгийг өнгөрсөн сард Английн зүүн эрэг Норфолкод хийлгэжээ.Кэтрин уг бичлэгээрээ дамжуулан химийн эмчилгээ дууссан ч хорт хавдраа бүрэн эдгээхийн тулд өдөр бүр хичээх хэрэгтэй бөгөөд бүрэн эдгэхийн тулд хугацаа шаардлагатай байгаагаа хэлжээ. Мөн хайртай дотны хүмүүс, гэр бүлийнхнийх нь хувьд өнгөрсөн зургаан сарын хугацаа маш хүнд байсныг хэлсэн байна. Химийн эмчилгээний дараа амьдрах итгэл найдвар дахин сэргэсэн гэж Кэтрин сэтгэлзүйн байдлаа хуваалцжээ.
Хэдийгээр химийн эмчилгээ дууссан ч хорт хавдартай өвчтөнүүдийн хувьд химийн эмчилгээний дараах зургаан сараас хоёр жил хүртэл хугацаа хамгийн хүнд, сэтгэл түгшсэн, эрсдэлтэй үе байдгийг хорт хавдрын эмч нар хэлдэг. Учир нь эмчилгээний дараах хугацаанд хорт хавдрын эс дахин илэрвэл химийн эмчилгээнд тэсвэртэй гэж үздэг байна. Тиймээс Кэнсингтон ордны хэвлэлийн албанаас Кэтрин гүнжийн хорт хавдар бүрэн эдгэсэн эсэхийг хэлэх боломжгүй, нөхцөл байдлыг дүгнэхэд хэтэрхий эрт байна гэж мэдэгджээ. Химийн эмчилгээний хүнд үед олон нийтийн арга хэмжээнээс хол байсан Кэтрин гүнж хэрэв чадвал ирэх саруудад цөөн хэдэн чухал арга хэмжээнд оролцож магадгүй. Энэ жилийн 11 дүгээр сард дэлхийн нэгдүгээр дайн дууссаныг эргэн дурсах өдрийн арга хэмжээ болон өөрийнхөө жил бүр зохион байгуулдаг зул сарын баярын концертод орж магадгүй гэж таамаглаж байна.
Хорт хавдрын эсрэг тэмцэж байгаа хаан Чарльз болон хатан Камилла нар Кэтриний зурвасыг хүлээж авсныхаа дараа гайхалтай мэдээ дуулгасанд баярлаж байгаа бөгөөд гүнжийг бүрэн эдгэх хүртэл бүх талаар дэмжихээ илэрхийлсэн байна. Мөн Британийн Ерөнхий сайд Кейр Стармер улс орныхоо нэрийн өмнөөс хамгийн сайн сайхын бүгдийг Кэтрин гүнжид хүсжээ.