ОХУ-ын Чита хотноо зохион байгуулагдсан Глазова Н.Е. нэрэмжит цомын аварга шалгаруулах Байгаль нуур орчмын тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, Агаарын ажиллагааны мэргэжилтэн, нисэн ажиглагч, ахлах дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан алба хаагчид амжилттай оролцжээ.
Тодруулбал, Агаарын ажиллагааны салбарын Шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, ахлах дэслэгч Б.Болд цэгт онолтын төрөлд 0.6, 0.3, 0.18 гишгэсэн амжилтаар Шүхрийн спортын дэд мастерын болзол хангасан байна. Мөн салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, ахлах дэслэгч Б.Тэлмэн цэгт онолтын төрөлд хувийн амжилтаар дэд байр эзэлжээ. Харин багийн амжилтаар ахлах дэслэгч Б.Болд, ахлах дэслэгч Б.Тэлмэн, ахлах ахлагч С.Буянтүмэн нар дэд байрт шалгарсан бол ахлах дэслэгч Б.Тэлмэн хос мөнгөн медаль хүртсэн байна.
Ингэснээр шүхрийн спортын түүхэнд 30 гаруй жилийн дараа гадаад улс оронд зохион байгуулагдсан тэмцээнээс медаль авсан түүхэн үйл явдал болж байна. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д. Намсрай хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Энэ сарын 16-17-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд Орос-Монгол хоёр улсын нийт 58 шүхэрчин-тамирчин, багийн төрөлд 16 баг оролцсон байна.