Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ логонд дүрээ мөнхөлсөн домогт тоглогч Жерри Уэст 86 насандаа таалал төгссөн талаар “Лос-Анжелес Клипперс ” багаас мэдэгдлээ. Жерри Уэст 60 гаруй жилийн турш сагсан бөмбөгийн спортод хүчин зүтгэхдээ “Лос-Анжелес Лейкерс” багийн бүрэлдэхүүнд есөн удаа NBA-ийн финалд шалгарч, 1972 онд аварга болж байжээ. Мөн 14 жил Бүх оддын тоглолтод оролцож байсан юм.
Уэст мөн сагсан бөмбөгийн лигийн түүхэнд Уилт Чемберлен, Оскар Робертсон нарын дараа 25 мянган оноо авсан гурав дахь тоглогч юм. 1974 онд тамирчны замналаа өндөрлүүлсний дараа “Лос-Анжелес Лейкерс”-ийн дасгалжуулагчаар ажиллаж улмаар менежерийн албанд шилжин арван жилийн хугацаанд багаа таван удаа түрүүлүүлж байжээ. Харин 2000 оноос “Мемфис Гриззлис”, “Голден Стэйт Уарриорз”, “Лос-Анжелес Клипперс” багуудад ажиллаж байв.