Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж нь өнгөрсөн оны найдугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн билээ.
Тэгвэл тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал Тээврийн прокурорын газраас Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдорж нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
https://isee.mn/n/62792