Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан, Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуульд эко танхим байгуулах тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн гурван сургуульд эко танхим байгуулах ажлыг ийнхүү зохион байгуулж байгаа ажээ.
Энэ удаа дээрх сургуулиудад 75 инчийн ухаалаг үйлдэлт самбар, зөөврийн компьютер, олон үйлдэлт принтер, зургийн аппарат, багшийн ширээ, сандал, сурагчийн ширээ сандал, номын шүүгээ, ханын самбар бүхий нийт 100 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ. Түүнээс гадна “Эко танхим”-ын сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүнээр хангаж, арга зүйн сургалт зохион байгуулж, компьютер, тавилга, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна гэж аймгийн БШУГ-аас мэдээллээ.