http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Трамп, Зеленский нарын Вашингтонд хийх уулзалтад Европын удирдагчид нэгдлээ


Европын удирдагчид Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хамт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах болсноо ням гарагт мэдэгдлээ. Тэдний зорилго нь Европын сүүлийн 80 жилийн хамгийн их цус урсгасан дайныг дуусгахын тулд Трамп Украиныг яаралтай энхийн хэлэлцээр хийхийг шахаж буй энэ үед Зеленскийгийн байр суурийг дэмжиж оролцох аж.
Трамп өнгөрсөн долоо хоногт Аляскад Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсаны дараа түр хугацаанд гал зогсоохоос илүү энхийн гэрээг яаравчлах асуудлаар Москвагийн байр сууринд ойртсон гэж мэдээлсэн. Тэгвэл энэхүү уулзалтын дараа Трамп, Зеленский нар даваа гарагт уулзана гэдгээ мэдэгдсэн билээ. Трамп өөрийн сошиал хаяг дээрээ “Оростой холбоотой ТОМ АХИЦ гарна" гэж нийтэлсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Орос, Америкын удирдагчид Украины багахан эзлэгдсэн нутгийг буцаахын оронд Киев зүүн хэсгийн бүслэгдсэн нутаг дэвсгэрээ Орост шилжүүлж, бусад хэсэгт фронтыг царцаах хувилбарын талаар ярилцсан байна.
Оростын Венад суугаа төлөөлөгч Михаил Ульянов “Энхийн хэлэлцээр Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх ёстой гэдэгтэй Орос санал нийлж байна. Гэхдээ Москва ч мөн адил үр дүнтэй баталгаа авах эрхтэй” гэжээ.
Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд Донбассын хувь заяа хэлэлцээний ширээн дээр байгаа, харин Украин НАТО-д элсэхийн оронд АНУ-аас 5 дугаар зүйлийн адил хамгаалалт авах боломжтой тухай ярьжээ. Трампын төлөөлөгч Стив Виткофф “Энэ бол Оросын тал анх удаа ийм зүйлд санал нийлэхээ илэрхийлсэн тохиолдол” гэж мэдэгдсэн байна. Гэвч ийм амлалт Украиныг Донбассыг албан ёсоор Орост шилжүүлэхийг зөвшөөрөхөд хангалтгүй байж магадгүй.
Ням гарагт Германы канцлер Фридрих Мерц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Киер Стармер нар Зеленскийд илүү хүчтэй дэмжлэг үзүүлэх зорилгоор холбоотнуудын уулзалтыг зохион байгуулсан байна. Тэд АНУ-ын оролцоотойгоор бат бөх аюулгүй байдлын баталгаа гаргуулахыг зорьжээ. Мөн Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, Финландын ерөнхийлөгч Александр Стубб, Италийн ерөнхий сайд Жорджия Мелони нар ч Вашингтонд очихоор төлөвлөж байна.
Европын удирдагчид АНУ-ын санал болгосон баталгааг сайшаасан ч газар нутгийн талаар ямар ч хэлэлцээ Киевийн оролцоогүйгээр явагдаж болохгүй гэдгийг онцлов. Зарим нь шууд гал зогсоохыг шаардсан бол Трамп, Путин нар түр гал зогсоохгүйгээр энхийн хэлэлцээ хийхээр тохиролцсон нь Украинд дургүйцэл төрүүлсэн юм.
Зеленский өөрийн X-ийн хуудсандаа “Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэмжсэн тодорхой байр суурь илэрлээ. Хил хязгаарыг хүчээр өөрчилж болохгүй гэдэг дээр бүгд санал нэгдсэн” гэж бичсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ