Аймгийн Засаг даргын захирамж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөний хүрээнд төрийн албан хаагчдын дунд Үндэсний бичгийн олимпиадыг зохион явууллаа. Үндэсний бичгийн олимпиадад боловсролын салбараас бусад төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас шалгарсан 23 албан хаагч үндэсний бичгийн мэдлэг чадвараараа өрсөлдсөн байна.
Олимпиадын тэргүүн байрт Шүүх шинжилгээний хэлтсийн гарын хээний санч Э.Саруул, Богд сумын ИТХ-ын дарга Ш.Бүүвэйбаатар нар оноо тэнцэн шалгарч, Баянхонгор сумын ЗДТГ-ын Боловсрол, соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Байгальмаа, Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны мэргэжилтэн М.Дүүрэн, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Б.Нарангэрэл нар удаалжээ. Тус олимпиадыг удирдамжид заасан агуулгын хүрээнд хоёр үе шаттай зохион байгуулсан байна. Эхний шатанд бичгийн шалгалт (галигаас монгол бичиг рүү хөрвүүлэн бичих, тийн ялгалын нөхцөл бичих, өвөрмөц бичлэг үгс, тест), хоёрдугаар шатанд цахим бичвэрийн шалгалт (Mongolian Baiti фондоор зөв, хурдан бичих, цээж бичлэг/-ыг тус тус авчээ. "Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадвар дээшилсэн, цахим бичвэрийн хэрэглээ нэмэгдсэн, дунджаас дээгүүр, мэргэжлийн түвшинд гүйцэтгэл сайтай байгаа нь ажиглагдсан" талаар олимпиадын шүүгчид онцолж байв.