ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний судалгаа, техникийн их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж удирдлагын багийн хамтаар ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний судалгаа, техникийн их сургуулийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ тус аймгийн хүүхдүүдийг тус сургуульд суралцуулах боломж нөхцөл, давуу тал, иргэд, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах болон бусад салбар чиглэлд хамтарч ажиллах саналуудыг гаргасан байна. Түүний хариуд ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний судалгаа, техникийн их сургуулийн төлөөлөгчид дээрх санал хүсэлтийн хүрээнд хамтарч ажиллах боломжтой хэмээн хариулжээ.
Мөн тус сургуульд дулааны эрчим хүч, цахилгааны инженерээр суралцах хүсэлтэй Сэлэнгэ аймгийн сурагчид сургуулийн шалгуур нөхцөлийг хангасан тохиолдолд 100 хувь тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой гэсэн байна. Тус сургууль нь академик хөтөлбөрүүд, оюутнуудад боловсролыг харьцангуй хямд үнээр олж авах боломж олгодог инженер мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа ОХУ-ын томоохон сургуулиудын нэг юм.
1961 оноос хойш геологич, уурхайчин, барилгачин, эрчим хүчний мэргэжилтэн, эдийн засагчид гээд 1500 гаруй монгол мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргажээ.