Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд урин дулааны цагт 100 гаруй мянган гадаад, дотоодын аялагч ирж байна.
Хөвсгөл нуурыг бохирдохоос сэргийлэн тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжийг стандартын ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Экологийн цагдаагийн алба хамтран хэрэгжүүлж байна.
Тусгай хамгаалалттай газарт буюу Хатгал, Ханх, Алаг-Эрдэнэ, Хөвсгөл нуурын баруун зүүн эргээр аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг 150 гаруй иргэн аж ахуй нэгж байна. Эдгээр иргэдэд эхний ээлжид уулзалт хийж мэдээлэл зөвлөгөө өгсний дараа хугацаатай албан даалгавар өгөх ажээ.
Стандарт бус ариун цэврийн байгууламж буюу нүхэн жорлон хөрсийг бохирдуулахаас гадна доошоо гүний усыг маш ихээр бохирдуулдаг. Гүний ус бохирдсоноор гэдэсний халдварт өвчин үүсэх боломжтой юм.
Тусгай хамгаалалттай газар нутагт ариун цэврийн цэврийн байгууламжийг стандарттай болгосноор Хөвсгөл нуур орчмын хөрс бохирдохоос сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.
Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 3000 орчим иргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нэг ээлждээ 6800 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай нийт 94 жуулчны бааз, 130 гэр буудал, 8 зочид 14 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна.