Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажлын хүрээнд нуур орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажил дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд эрэг орчмын амралтын газрууд, ойн сан бүхий газар, нуурын зүүн, баруун эрэг, арлууд, Хатгал тосгоны нуур, Эгийн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж, Хатгал тосгоны Харганын хогийн цэгт буулгаж байна.
Энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх их цэвэрлэгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсын далайн захиргаа, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хамтран зохион байгуулж байна.
Шинэ ландфилын байгууламж энэ жил ашиглалтад орохтой холбогдуулан 1984 оноос хойш бий болсон хогийн цэг бүхий талбайг ирэх сараас нөхөн сэргээж эхлэхээр төлөвлөжээ.