Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Зөгийчид жилд 130 гаруй тонн бал үйлдвэрлэж байна



Аймгийн зөгийн аж ахуйн хөгжилд зөгийчдийн оролцоог нэмэгдүүлэх, цаашид хэрэгжүүлэх ажлаа тодотгон хэлэлцэж, үр өгөөжөө нэмэгдүүлэх. Мөн тогтвортой хөгжлийг хангах зорилго дор зөгий эрхлэгчид энэ сарын 20-ны өдөр Шаамар суманд чууллаа.

Зөгийн аж ахуй Шаамар сумаас эхлэлтэй бөгөөд Монгол Улсын хэмжээнд хамгийн олон зөгийчид Сэлэнгэ нутагт хөдөлмөрлөдөг.

1959 онд Шаамарын жимс жимсгэнийн станцад 20 бүл зөгий авчирснаар Сэлэнгэ аймгийн зөгийн аж ахуйн хөгжил эхэлсэн түүхтэй юм. Өнөөдөр тус суманд 200 орчим бүртгэлтэй зөгийчид жилд дунджаар 90 гаруй тн бал хураан авч байгаа аж.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн 14 сумын 310 иргэн, 9 аж ахуйн нэгж 6656 бүл зөгийг үржүүлж, 130 гаруй тн бал үйлдвэрлэж байна.

Дээрх зөвлөгөөний үеэр зөгийчид эвлэлдэн нэгдэж зах зээлээ тэлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх, хөгжиж суралцах асуудлуудыг голлон ярилаа. Зөгийн аж ахуй эрхлэгчдийн зүгээс зөвлөгөөнийг зохион байгуулсан аймаг орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудад талархлаа илэрхийлж байлаа.


Аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр: “Манай аймгийн хувьд зөгий үржүүлэх ажил нэлээд өндөр түвшинд байдаг. Манай зөгийчид улсын нийт зөгийн бүлний 50 хувь, зөгийн балны 50 хувийг дангаараа хангаж байна. Иймээс бид цаашдаа зөгий үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагааг нь явуулах, зөгийн балны чанар, борлуулалт дээр илүү анхаарах тал дээр зөвлөлдлөө.

Аймгийн зүгээс зөгийчдийг хоорондоо нэгд, хамтар. Тэгвэл бүгдээрээ төр засагтаа нэгдээд дуу хоолойгоо хүргэж чадна. Ингэснээр өшөө илүү боломжийг хүртэх болно гэдгийг санууллаа. Манайхан бодол саналаа нэгтгэж ажиллах тал дээр санал бодлоо хэлж байна. Ер нь төр засгаас энэ жил зөгийн аж ахуйг их анхаарч байгаа. Тухайлбал бага хүүтэй зээлд оруулсан. Энэ нь үр дүнгээ өгч байна. Бид зөгийгөө малтай адил өвөл тоолдог. Үүгээрээ дүн мэдээ нь гардаг, ийм туслах аж ахуй байгаа” хэмээв.

Тус зөвлөгөөнд аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр ”Сэлэнгэ аймгийн зөгийн аж ахуйн өнөөгийн байдал”, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн Байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо тандалтын лабораторийн эрхлэгч Н.Батзориг “Зөгийн эрүүл ахуйн менежмент”, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн зөгий, жижиг амьтан судлаач эмч С.Мөнхбаяр “Зөгийн аж ахуйн арчилгаа маллагаа”, Мал зүйч Ж.Батсайхан “Зөгийн аж ахуйн талаар” тус тус илтгэл мэдээлэл хийв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ