Булган аймагт тэжээвэр амьтдаас зөгий шувууны аж ахуй эрхлэх нь эрс нэмэгджээ.
Сүүлийн таван жилийн судалгаагаар гахайн тоо толгой хоёр дахин буурч, шувууны тоо бараг зургаа, зөгийн бүл 15 дахин өссөн дүн гарчээ. Аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцэст 570 гахай, үүний 237 мэгж, 6592 шувуу, үүний 6217 нь өндөглөгч, 524 зөгийн бүл тоологдсон нь өмнөх оныхоос гахай 32 хувиар буурч, шувуу 98,0, зөгийн бүл 79 хувиар тус тус өссөн байна.
Тэжээвэр амьтдаас зөгийн бүл, шувууны аж ахуйг бусад аж ахуйгаас илүүтэйгээр эрхэлж байгаа бөгөөд гахайг 61 өрх, хоёр аж ахуйн нэгж, шувууг 88 өрх, нэг аж ахуйн нэгж, зөгийн бүлийг 28 өрх өсгөн үржүүлж байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.
Тус аймагт сүүлийн жилүүдэд мал, амьтны элдэв төрлийн өвчин гарсан учир аж ахуй эрхлэгчид эрсдэлд орж гахайн тоо толгой буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.