Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан "Оюутан цэрэг" хөтөлбөрт Хэнтий аймаг анх удаа оюутнуудаа хамруулж эхэллээ.
Тодруулбал, эх орноо батлан хамгаалах эрхэм үүргийг биелүүлэхээр тус аймгийн Политехникийн коллежийн 10 оюутан эрүүл мэнд, бие бялдрын шалгалтдаа тэнцэн, “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахаар болж, өнөөдөр цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авлаа.
Эдгээр оюутнууд эхний ээлжид цэргийн ерөнхий бэлтгэлд сургууль дээрээ хамрагдах бол дараагийн ээлжид цэргийн мэргэжлийн бэлтгэлийг Дорнод аймагт Зэвсэгт хүчний 327 дугаар ангид байрлан эзэмших аж. Ингэснээр тус оюутнууд сургуулиа төгсөөд төрийн албанд ажиллах боломжтой болж байгаагаараа давуу талтай аж."Оюутан цэрэг" хөтөлбөр улсын хэмжээнд энэ жил долоо дахь жилдээ хэрэгжиж байна.