Ховд аймгийн Зэрэг суманд 592 малчин өрхийн 202734 толгой мал өвөлжиж байна. Тус сумын нутагт орших Бумбат хайрхан, Баатархайрханы нурууны өндөрлөг хэсэгт одоогийн байдлаар 300-аад өрхийн 170 гаруй мянган толгой мал намаржиж, өвөлжиж байна.
Өнгөрсөн нэг сарын тоон мэдээгээр 130-аад өрхийн 900 гаруй толгой малыг ирвэст бариулсан гэж Зэрэг сумын малчид хэллээ. Сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомсдол үүссэн, уулын бүсэд ирвэсийн тоо өссөн, машин тeхникийн дуу чимээ, хотны төрөл бүрийн гэрэл, мануухайд дасал болсонтой холбоотойгоор малчдын хотонд ирвэс ойртох болжээ.
Ер нь жилд дунджаар 600-900 толгой мал ирвэст идүүлж, хорогддог. Өнгөрсөн жил нэг хүн рүү ирвэс дайрсан гэх малчдын аман мэдээ байна. Уулын бүсийн багуудад нутаглаж буй малчдын мал руу ирвэс өдөр, шөнийн цагаар дайрч, малчдад их хэмжээний малын хорогдол хохирол учруулж байгаа тул малчид малаа байнгын хариулгатай, шөнөдөө манаж хонож байна. Малчдын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Алтайн бүсийн салбарт хамгаалах хашаатай болгох санал хүсэлтийг уламжилж хэллээ.