Самбо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) Булган аймагт үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 26, байлдааны самбын 13 дахь удаагийн тэмцээний нээлт өчигдөр боллоо. Тэмцээнд Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч, Онц бөгөөд Элчин сайд Д.Гэрэл, Булган аймгийн Засаг дарга, Монголын самбо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, самбо бөхийн залуучуудын Дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт ОУХМ Ж.Оргилболд, Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Батхишиг тэргүүтэй хүндэт зочид оролцов.
Энэ жилийн УАШТ-ийг залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, ОУХМ Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, улсын начин Ж.Оргилболдын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ.
Тэмцээний нээлтийн ёслолын үеэр Булган аймгийн Засаг даргын тамгын газар, "Булган хангайн хөгжлийн төлөө сан"-гийн зүгээс Залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын начин Ж.Оргилболдын монгол бөх, самбо бөхийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, 2 өрөө байр бэлэглэлээ.