Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тиймээс орон нутагт жүдо бөхийг сурталчлах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо жүдо бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд болох юм. Тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын жүдо бөхийн холбоо, Өмнөговь аймгийн жүдо бөхийн холбоо, “Капитрон” банк, “Ингүүмэл энх” ХХК, “Хангай” констракшн, “Ханбогд” кашмер хамтран зохион байгуулна.