Цагтаа эрх баригч намын болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын "гал тогоо"-г барьж явсан Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн.
Хэдийгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт хувийн шалтгаан, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн ч Ж.Мөнхбатыг иргэд, сонгогчдоосоо улс төрийн оноо авах гэсэн заль гэж харах хэсэг ч байна.
Учир нь, хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг яллагдагчаар татсан. Түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Тэгвэл нөгөө талд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлтийг Г.Занданшатарын танхим хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Түүний хүсэлтийг УИХ-ын 2023 оны хаврын чуулганы эхэнд хэлэлцэх ёстой.
Хэрэв гишүүдийн олонх нь журмын нөхөр, ангийн анд Ж.Мөнхбатынхаа хүсэлтийг хүлээж авах аваас Архангай аймагт хүссэн, хүсээгүй нөхөн сонгууль явагдаж таарна.
Ж.Мөнхбатын хувьд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Архангай аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан байдаг. Тэрбээр иргэдээс авсан саналынхаа тоогоор хоёрт жагссан. Хамгийн өндөр саналыг Ё.Баатарбилэг авч байсан бол Ж.Мөнхбатын араас Г.Тэмүүлэн саналын тоогоороо удаалж, МАН-аас нэр дэвшсэн тэд гурвуулаа УИХ-ын гишүүн болж байлаа.
https://news.zindaa.mn/4hw3