УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр татгалзаж, холбогдох байгууллагуудад шалгуулах тухайгаа өчигдөр мэдэгдсэн. Тэрбээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байх хугацаанд буюу 2019 оны тавдугаар сарын 28-наас 2019 арванхоёрдугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд долоон аж ахуйн нэгжид 335 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар дээрх зээлийн нийт үлдэгдэл нь 369 тэрбум төгрөг байна. Эндээс 58.7 тэрбум төгрөг нь чанаргүй зээл болоод байгаа.
Хөгжлийн банкнаас олгогдсон зээлүүдийн огноог шүүж үзвэл, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөнөөс гуравхан хоногийн дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийн олголт хийгдсэн байдаг аж. Нэгэнт зээлийн олголт нь ажлаа өгснийх нь дараа хийгдсэн учраас Г.Амартүвшин энэ зээлд өөрийгөө огт хамаагүй, шалгуулахад бэлэн гэж итгэлтэй дуугардаг ажээ.
Гэхдээ Г.Амартүвшинг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдмөгц тухайн үед Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал байсан Ч.Энхбат түүний ажлыг нь үргэлжлүүлсэн. Гэхдээ Ч.Энхбат гуравхан хоногт “Вертекс майнинг партнер” ХХК-ийн зээлийг судлаад, олголт хийлгэсэн гэхэд итгэхэд бэрх. Харин Г.Амартүвшинг гүйцэтгэх захирал байхдаа “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гараад, харин гүйлгээ буюу олголт нь Г.Амартүвшинг чөлөөлөгдсөнөөс гурав хоногийн дараа хийгдсэн гэвэл үнэнд илүү ойр харагдаж байна. Товчхондоо, хожим нь асуудал үүсвэл, “надад хамаагүй” гэж бултахад амар гээд, зээлийн гэрээнд нь “зөвшөөрөв” гэж гарын үсэг зураад орхиод явсных нь гурав хоногийн хойно гүйлгээг нь хийсэн байх гэж хардах үндэслэлтэй харагдаж байгаа юм.