Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Монгол Улсад мөрдөгдөх "Ногоон таксономи" батлагдсантай холбогдуулан Монголбанк Ногоон зээлийн статистик мэдээллийг банкуудаас авч нэгтгэн, урьдчилсан байдлаар олон нийтэд зарлаж байхаар болжээ.
2020 оны 1 дүгээр улирлын байдлаар арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 16 тэрбум 988.9 сая төгрөг байгаагийн 428.1 тэрбум буюу 2.5 хувийг ногоон зээл бүрдүүлж байна. Ногоон зээлийн үлдэгдэл тайлант улиралд өмнөх улирлаас 5.2 хувиар буурчээ.
Хувийн байгууллагуудын ногоон зээлийн үлдэгдлийн 35.1 хувь буюу 130.5 тэрбум төгрөгийг тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлалын хөтөлбөрүүд эзэлж байгаа юм. Харин 29.6 хувь буюу 110.2 тэрбум төгрөгийг ногоон барилга, 14.4 хувь буюу 53.5 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээний хөтөлбөрүүд эзэлж буй. Тэгвэл 11.0 хувь буюу 40.8 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлт, 5.4 хувь буюу 20.0 тэрбум төгрөгийг сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүд эзэлж байна.
2020 оны 3 дугаар сарын байдлаар 2013 иргэний 55.9 тэрбум төгрөгийн ногоон зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнийг зээлийн зориулалтаар нь ангилбал нийт зээлийн 56 хувь буюу 31.4 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 27.3 хувь буюу 15.3 тэрбум төгрөгийг карбон бага тээвэр, 8.8 хувь буюу 4.9 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд олгогджээ.