Эрүүл мэндийн яам иргэдээ коронагаас хамгаалж чадаж байна. Харин Сангийн яам коронагаас эдийн засгаа хамгаалж чадсангүй. “Өвчилж” эхэлжээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хоёрдугаар сарын эцэст Монгол Улсын төсвийн орлого 1.3 их наяд, зарлага 1.5 их наяд төгрөгт хүрч, улсын төсөв 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав. Төвсийн орлого өмнөх оны мөн үеэс 76 тэрбум төгрөгөөр дутлаа. НӨАТ, Онцгой албан татвар, бусад татвар, хураамжийн орлого эрс буурав. Жилийн эцэст төсвийн орлого 2-3 их наядаар тасрах эрсдэл учраад байгааг эдийн засагчид тооцоолж, анхааруулж байна. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улсын төсвийг тодотгохгүй гэж гүрийсээр.
Аж ахуйн нэгжүүд ашиг хийх нь байтугай цалингаа тавих, татвараа төлөх орлогогүй болоход ойрхон болсноо МҮХАҮТ-аар дамжуулан УИХ-д хэдэнтээ мэдэгдэв. Том компаниудын алдагдал хэдэн тэрбумаар хэмжигдэж эхлэв. Тухайлбал, өнгөрсөн жил 5 тэрбум гаргаад ашигтай ажиллаж байсан МИАТ компанийн алдагдал өнөөдөр хоёр оронтой тоонд хүрчээ. Аялал жуулчлалын компаниуд хаалгаа барив. Бүр энгийн жишээ. Манай улс ерөнхийдөө түрээсийн эдийн засагтай. Хүмүүсийн гадуур хооллох, мөн худалдан авалт хийх нь эрс багассан. Тийм учраас түрээсийн байранд жижиг гуанз, фитнесс, машин угаалгын газар, гоо сайхан ажиллуулдаг жижиг компаниуд түрээсээ төлж чадахгүйд хүрэв. Тэдэнд байраа түрээсэлж түрээсийн орлогоор нь банкны зээлээ төлдөг хэсэг нь бас орлогогүй болов. Яг ийм гинжин урвалд жижиг компаниуд, жинхэнэ ЖДҮ-чид хамгийн түрүүнд сөгдөж, сөхөрч эхлэх нь нэн тодорхой болж байна.
Ийм үед МҮХАҮТ болон эдийн засагчдаас дараах гурван санал гарч байна.
Нэгд. Уул уурхайн салбараас бусад буюу худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, барилга зэрэг салбарт бизнесийн зориулалтаар олгосон зээлийн хүүгийн төлбөрийн 50 хувийг гурав хүртэлх сараар төрөөс төлөх. Үүнд ойролцоогоор 100 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 50 тэрбумыг нь төсвийн хөрөнгө оруулалтаас, 50 хувийг нь Төсвийн тогтворжуулалтын сангаас шийдэх боломжтой гэж үзжээ.
Дашрамд дурдахад, 2020 оны төсөвт гурван их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд хуваарилсан . Үүний бараг хоёр их наяд төгрөг 2020 онд эхлүүлэх шинэ бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгасан. Уншигч та санаж байгаа бол хөрөнгө оруулалтын зардлаас Хэнтий, Увс аймгуудад хийх хөрөнгө оруулалтын зардал хамгийн өндөр, үргүй зардал хуваарилсан гэж шүүмжлэл дагуулсан. Тэгвэл эдгээр үр ашиггүй зардлыг танах саналуудыг гараад байна.
Жишээ нь, шинээр сумын захиргааны контор, соёлын төв, хөшөө дурсгалын барилга барихаар төсөвлөсөн 220 тэрбум төгрөгийг танаж, уг эх үүсвэрийг аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцэд өөрчлөлт оруулахад зарцуулах саналыг бизнесийнхэн гаргажээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Хоёрт. ААН болон иргэдээс авах нийгмийн даатгалын шимгэлийг зургаан сараар хойшлуулах. Үүнд 500 тэрбум төгрөг гарах тооцоо хийсэн байна. Үүнийг мөн л төсвийн хөрөнгө оруулалт дээрх шаардлагагүй зардлуудыг танах замаар сангийн яам зохицуулах боломжтой гэж үзэж байгаа юм. Ялангуяа 0-50 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сараар хойшлуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Гуравт. Зээлийн хүүг буруулах. Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон. Гэхдээ энэ нь богино хугацаанд зээлийн хүү буурах, зээлийн идэвхжлийг сайжруулах үр дүнтэй арга биш. Бодлогын хүүг бууруулсан шийдвэрийн нөлөө 2-3 сарын дараа зах зээлд мэдрэгдэнэ гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Харин банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувь болгосноор банкууд дээр 300 орчим тэрбум төгрөгийн чөлөөт эх үүсвэр гарч байгаа аж. Энэ эх үүсвэрийг бага хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд олговол эдийн засагт багагүй дэмжлэг болно. Харин зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг бууруулах шаардлага зайлшгүй гарна. МҮХАҮТ-аас хадгаламж эзэмшигчид энэ онцгой нөхцөлд хадгаламжийн хүүгээсээ татгалзах, бууруулж авах санаачилгууд гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байсан юм.
Төр засгийн зүгээс дээр дурдсан яаралтай арга хэмжээг авахгүй бол оны эцэст ажилгүйдлийн төвшин 20 хувьд хүрэх тооцоог танхим болон эдийн засагчид гаргажээ. Ажилгүйдэл нэмэгдэх тусам иргэд орлогогүй, зээлээ төлж чадахгүй байдал руу нийгмээрээ орох эрсдэлтэй байна. Харин УИХ-ын гишүүд улстөрчид бол 2020 оны УИХ-ын сонгуулиа илүүтэй бодож байх шиг. Сонгуулийн дараа төсөв тодотгоно гэвэл өнөөдрийн эрсдэл жинхэнэ хямрал болсон байх вий. Улс төрөө биш, улсаа бод Сангийн сайд аа.
Э.Мөнхцэцэг
Эх сурвалж: itoim.mn