Мазаалай Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар /Сэгс Цагаан Богдод/ амьдардаг бөгөөд дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан. Олон улсын судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл гэж үздэг бөгөөд Монгол Улсын болон олон улсын "Улаан ном"-д бүртгэгдсэн байдаг.
Мазаалай Алтайн өвөр говийн 1300-2300 метрийн өндөрт орших говийн дунд ба намхан уулсын өндөрлөг дов толгод болон хотгор хуурай газрын нуга сайранд амьдардаг. Мөн баянбүрд, булгийн ил задгай устай газрыг бараадан байршиж, ус идэш тэжээлийн хүрэлцээ нь түүний эзэмшил нутгийг тодорхойлдог байна. Мазаалай нь ямагт хүнээс дөлж зугтаж явах учир зэлүүд говьд тэднийг олж харсан хүн цөөн байдаг ч түүний нутагладаг газрыг зорих хүн нэмэгдсээр л байгаа юм.
Мазаалайг анх Оросын эрдэмтэн ургамал судлаач А.А.Юнатов болон газарзүйч эрдэмтэн Э.М.Мурзаев нар 1943 оны наймдугаар сарын 4-ний өдөр бодитоор олж харжээ. 1967 оноос хойш зарим судлаачийн хийсэн судалгаанаас үзэхэд Мазаалайн тоо толгой хагас зуун жилийн дараа ч 50 орчим толгой тоологдоод байна.
Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай говийн нөхцөлд асар уудам орон зайг эзлэн амьдардаг гэдгээрээ бусад баавгайн зүйлээс ялгагддаг аж.
Эр Мазаалайг Шармаахай, харин эм Мазаалайг Эвш гэж нэрлэдэг бол төлийг нь Аламцаг гэж нэрлэдэг. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлнэ. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засч ичнэ.Мазаалай баавгай 20 орчим жил насалдаг гэдгийг судлаачид тогтоосон байна.
Мазаалай бол элдэв идэшт амьтан. Гэхдээ идэш тэжээлийн ихэнх хувийг нь ургамал эзлэх бөгөөд түүний дотор бажууны үндэс, хармаг, махирсын жимс, зэгс, зээргэнэ, хависгана, регелийн шар модны навч, намхан гишүүний үндэс, найлзуур зонхилно.
Зуны улиралд үе үе элбэгших нөрмөг, царцаа, голио зэрэг шавьж болон амьтдын сэгээр хооллох нь бий. Иймд байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг аж.
Дэлхийд ховордсон мазаалай баавгай амьдардаг гол бүс нутгуудад мазаалайд идэш тэжээл бэлтгэн тавих 20 шахам савыг хогбогдох албад, нутгийн иргэд хамтран байршуулсан байдаг. Тэжээлийн саванд төрийн байгууллагаас жилд 2-3 удаа, сайн дурынхан жилд нэг удаа идэш тэжээл тавьж өгдөг байна.