"Түйн голын жавар 2023” өвлийн наадмыг хоёрдугаар сарын 11, 12-нд Баянхонгор аймаг, Түйн голын толин цэнхэр мөсөн дээр зохион байгуулах тов гарчээ.
Долоо дахь жилдээ зохион байгуулж буй тус үйл ажиллагаагаар Халх Монголын өв соёлыг сурталчилдаг онцлогтой бөгөөд соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний уялдаа холбоог сайжруулан, эрүүл агаарт зөв боловсон амрах дадал зуршлыг төлөвшүүлэх зорилт тавьдаг байна.
Мөсний баярын үеэр монгол үндэсний хувцастай сайхан хос шалгаруулах, мөсөн шагай, хээрийн амт (байгууллагууд уламжлалт ахуй соёлоо илэрхийлэн хэрхэн тохижсон байдал), тэшүүрийн уралдаан, мөсөн сур, шагайн наадгай зэрэг тэмцээнүүд болох аж.
Оролцох багууд үндэсний онцлогийг харуулсан монгол хувцастай оролцож, өөрсдийн хотхоноо мөсөн урлалын бүтээлээр тохижуулах аж.
Энэ жилийн Мөсний баярыг Баянхонгор аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, БОАЖГ, Баянхонгор сумын ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулна.
Мөсөөр урласан бүтээлийг оролцогч байгууллагууд орон нутгийн онцлог, өв уламжлал, түүх соёл, байгалийн өвөрмөц тогтоц байдлыг илэрхийлсэн шинэлэг мөсөн урлал хийж тусгайлан бэлтгэсэн талбайд байрлуулна.
Наадмын үеэр орон нутгийн онцлогийг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, морь, тэмээ унах, мөсөн чарга унах, ”lce drift" уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.