Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Аймаг хоршоодоо эдийн засгаар дэмжин ажиллана



Сэлэнгэ аймгийн Хоршооны холбоонд нийт 59 гишүүн хоршоо байдаг. Эдгээр нь сүү, цагаан идээ, арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо болон нарийн ногоо, зөгийн аж ахуй, мод үржүүлэг зэрэг хөдөө аж ахуйн олон чиглэлээр ажиллаж байна. Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн хоршоологчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд хоршоологчдод тулгамдаж буй асуудлыг сонсож, гарц, шийдлээ тодотгон ярилцаж, харилцан санал солилцов.

Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт төмс, хүнсний ногооны 30 хүртэлх хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Энэхүү үйлдвэрлэлийн ихэнхийг хоршоологчид гүйцэтгэдэг. Энэ ч утгаараа аймгийн дарга "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймаг төмс, хүнсний ногооны улсын хэрэгцээг 60 хүртэл хувьд хүргэх боломж нөхцөл, мэргэжлийн боловсон хүчин байгаа талаар тодотгон хэлсэн. Иймээс Сэлэнгэ аймагт жилийн 4 улирлын хүлэмж, зоорь бусад асуудалд дэмжиж ажиллах саналыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлаад байгаа.

Уулзалтын үеэр хоршоологчдоос ногоо тариалах газар, зоорины хүрэлцээ хангамж, борлуулалт, хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмж зэрэг асуудал тулгамдаж байгаа гэдгээ дурдаж байв. Иймд энэ чиглэлд анхаарлаа хандуулж өгөхийг аймгийн удирдлагаас хүслээ.
Аймгийн Засаг даргын зүгээс хоршоологчдын үйл ажиллагааг хэд хэдэн чиглэлд дэмжин ажиллана гэв. Тодруулбал, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн болон бусад салбар чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд хоршоологчдын үйлдвэрлэж байгаа аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нийлүүлэх. Ингэснээр эдийн засгаар дэмжлэг үзүүлэх нь зүйтэй хэмээв.
Түүнчлэн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьц суулгацыг бүс нутагт тохирсон байдлаар тариалах, шинийг сурч мэдэх харилцан туршлага судлах зэрэг асуудлыг шийдвэрлэх асуудлыг хөндлөө.

Сэлэнгэ аймгийн хувьд цөлжилт явагдаж байгаа газраа сум бүрээр, яг хаана гэдгийг тодорхой гаргах, тэнд ямар мод тарьж ургуулах, бусад газарт ямар ямар мод тарих вэ гэдэг судалгааг нарийвчлан гаргаж байгаа.
Иймээс тэр хүрээнд тарьц суулгац тариалагч хоршоодоо эдийн засгаар дэмжих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ аймгийн дарга онцоллоо. Уулзалтад аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны тэргүүн З.Амарсайхан, 17 сумын хоршоологчдын төлөөлөл оролцлоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ