Хасах 20 /-20/ хэмийн хүйтэнд 100 гаруй тамирчин "Мөнгөн өвөл-2023 тэмцээнд хурд, хүч, авахаалж, самбаагаа сорилоо. Тэмцээн гүйлтийн цана /сонгомол, тэшилттэй /, тэшүүр гэсэн хоёр төрөлд таван насны ангилалд болов. Монголын Бүх Ард Түмний спортын 16, Хүүхдийн өвлийн спортын 7 дугаар наадмыг угтаж зохион байгуулсан тус тэмцээнд Улаанбаатар хот, 7 аймгийн тамирчин гурван өдрийн турш өрсөлдсөн юм.
Тэмцээний үеэр өсвөрийн тамирчид өөрөөсөө том цана, тэшүүр хөлдөө углаад уралдах гараагаа хүлээх зуураа -20 хэмийн хүйтэнд хэдэн цаг гадаа зогсохдоо хэн нь ч даарч байна гэж хэлээгүйн зэрэгцээ өвлийн спорт бол тэсвэр хатуужлын илэрхийлэл тиймээс хэн тэвчээртэй нь энэ спортыг сонгодог хэмээн дуу нэгтэйгээр хэлж байлаа.
"Сархиа" цанын бааз гурван өдрийн турш тамирчдын уухай, алга ташилтаар дүүрэн байж өнөөдөр шилдгүүдээ шалгарууллаа. Шилдэг тамирчдын сэтгэгдлийг хуваалцаж байна.
Б.Мөнхжин: Би зорилгынхоо төлөө хэзээ ч бууж өгөхгүй
Намайг Булганбаярын Мөнхжин гэдэг. Би Нэгдүгээр сургуулийн 6е ангид сурдаг. Эгч маань намайг гүйлтийн цанын спортод хөтөлж оруулсан. Өвлийн спорт тамирчнаас тэсвэр тэвчээр шаарддаг. Цанаа углаад тэмцээнд оролцох, бэлтгэл хийхэд миний хацар их даардаг. Заримдаа хацраа хөлдөөх, хөл, гараа хайруулах тохиолдол их байдаг. Гэхдээ би зорилгынхоо төлөө хэзээ ч бууж өгөхгүй.
Орсон тэмцээн бүрдээ медаль авдаг. Одоогоор 16 медальтай. Цаашдаа Олимпод оролцож төрийн далбаагаа мандуулах зорилготой. Хэрэв би олимпын аварга болвол шагналын мөнгөөрөө “Амьтны асрамж”-ийн газар байгуулна. Ер нь амьтан асардаг, тэжээдэг, сайн эзэнд үрчлүүлдэг тийм л ажил хийхийг мөрөөддөг. Ингэхийн тулд надад мөнгө маш их хэрэгтэй.
"Мөнгөн өвөл-2023" тэмцээнд амжилттай оролцож алт, хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байгаа. Удахгүй Эрдэнэт хотод болох Хүүхдийн өвлийн спортын 7-р их наадамд амжилттай оролцохоор бэлтгэлээ хийж байна.
Өөрийн аймагт болж байгаа учраас замаа сайн мэдэхээс гадна хөгжөөн дэмжигчтэй байх нь давуу тал гэж харж байгаа. Тамирчин найзуудыгаа ирж өвлийн спортын наадамдаа оролцоорой гэж уриалмаар байна.
Б.Бямбадорж: Би хүүхдийн өвлийн спортын 7 дугаар наадамд оролцоно
Намайг Батбаярын Бямбадорж гэдэг. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас Эрдэнэт хотод зохион байгуулж байгаа "Мөнгөн өвөл-2023" тэмцээнд ирж оролцоод насныхаа ангилалд түрүүлсэндээ маш их баяртай байна.
Би энэ спортоор хоёр жил хичээллэж байна. Цанын спорт тамирчнаас тэсвэр тэвчээр шаарддаг хүний бие бялдар, оюун ухааныг хөгжүүлдэг. Ирэх сард Орхон аймагт болох Хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наадамд амжилттай оролцох зорилго тавьж бэлтгэлээ хангаж байна. Тэмцээний үеэр шантрах үе зөндөө байдаг ч аавыгаа харж байгаа гэж бодоод улам илүү хичээдэг. Надад үргэлж тусалж дэмждэг аав ээж, гэр бүл, найзууд болон Б.Батдорж багшдаа баярласнаа илэрхийлмээр байна.
Б.Шинэдөл: Хол газар тэмцээнд явахаараа дүүгээ маш их санадаг
Намайг Батбаярын Шинэдөл гэдэг. Би нэгдүгээр ангиасаа эхлээд зургаан жил гүйлтийн цанын спортоор хичээллэж байна. Анх хичээллэж эхлээд их даардаг, хол газар тэмцээнд явахдаа их ядардаг байсан болохоор шантрах үе байсан. Гэхдээ би бууж өгөөгүй, орсон бүх тэмээнээсээ медаль авч байсан учраас маш их дурлаж, тэмүүлж хичээллэсэн.
Өвлийн спортоор хичээллэж ДААРАХ бол миний хувьд тийм ч хэцүү зүйл биш харин хол газар тэмцээнд явахаараа ДҮҮГЭЭ САНАХ л хэцүү байдаг. Харин энэ удаа хүүхдийн өвлийн спортын 7-р наадам Орхон аймагт болох гэж байгаад маш их баяртай байгаа. Хол тэмцээнд явахгүй учраас гэр бүлийнхэн маань ирж намайг дэмжинэ. Би тэдний дэмжлэгээс их урам авдаг. Тэмцээндээ маш сайн бэлдэж байгаа заавал медальт байранд орно.
Гүйлтийн цана бол тэсвэр тэвчээр. Бас нөхөрлөл юм. Би гүйлтийн цанын сонгомол тэшилтийн 11-12 насны ангилалд уралдаж алтан медаль авсан. Энэ тэмцээн бол спортын наадмын бэлтгэл болж буй хариуцлагатай тэмцээн байлаа.